Усны аливаа амьд организм тухайн гол, нуурын физик, химийн шинж чанар, экосистемд дасан зохицож амьдрах онцлогтой байдаг аж. Тэдгээрийн дундаас усны шавьж амьдарч буй орчныхоо экологийн тэнцвэрт байдал ямар төвшинд хадгалагдаж байгааг тун сайн мэдэрдэг.
Өөрөөр хэлбэл, тэд усанд бохирдуулагч бодис болон хөнөөгч хүчин зүйл байгаа эсэхийг толь мэт харуулдаг онцлогтой. Усны шавьжны баг төрөл бүр ямар ч төрлийн усанд амьдрах чадвартай. Шавьж дасан зохицож амьдарсан гол нуурынх нь физик, химийн шинж чанар өөрчлөгдөхөд нэгж талбай дахь нягтаршил, төрөл зүйлийн бүрэлдэхүүний хувь өөрчлөгддөг гэнэ.
Хэрвээ ус бохирдвол тэсвэртэй төрөл зүйлийн шавьж давамгайлж үлдэх, заримынх нь бие эрхтэнд гаж хөгжил үүсэх, эсвэл устаж алга болох гэх мэтээр хувьсаж чаддаг. Мөн усны шавьж нь амьсгалах, хооллох зэрэг үйл явцаараа орчноо цэвэршүүлж байдаг ашигтай “амьтан” юм.
Б.ГҮНБИЛЭГ