Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг бий. XXI зууны бүсгүйчүүд гэлтгүй залуус ч үсний засалтаараа дэгжирхдэг болсон. Тиймээс ур чадвартай үсчид олон байх тусмаа л сайн. Шилдэг үсчдийг хоёр жилд нэг удаа шалгаруулдаг “Алтан хайч” тэмцээний ес дэх удаагийнх нь энэ сарын 22- нд болно.
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, урлалын дээд сургуулиас зохион байгуулдаг энэ тэмцээнд өмнө нь манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд оролцдог байсан бол энэ удаа БНХАУ болон ОХУ-д үсчин, гоо засалчийн мэргэжлээр суралцдаг оюутнууд оролцох хүсэлт ирүүлснээрээ онцлогтой.
Үсчин гоо засалчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Алтан хайч” уралдааны оролцогчид 2011 оны үсний засалт, нүүр будалтын чиг хандлагыг тодорхойлох даалгавартай аж. Оролцогчдыг энэ сарын 14 хүртэл бүртгэж 21-нд “Орчин үеийн үс, гоо заслын хөгжлийн хандлагыг мэргэжлийн сургалтад харгалзах нь” сэдэвт судалгаа арга зүйн сургалтад хамруулах юм байна.
Ж.СОЛОНГО