“Мэргэжлийн хөгжмийн манлайлах төрөл болсон симфони, дуурийн уран бүтээл түлхүү хийснээрээ үеийнхнээсээ ялгардаг хөгжмийн зохиолч бол Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан юм. Тэр монгол симфони, дуу рийн урлагийг чухамхүү өрнө дахины ойлголтоор бол жинхэнэ сонгодог утгаар нь Монголын хөгжмийн урлагт хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгосон.
Тиймээс түүний хөгжим Бах, Бетховен, Брукнер, Глинка, Римский Корсаков, Шостакович нарын үе үеийн алдартны шийдвэрлэж байсан асуудлыг дуурь, симфонид шингээхийг зорьж байсан” хэмээн Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ярьсан. Өрнийн сонгодог хөгжмийг Монголын хөрсөнд суулгахаар хичээн зүтгэж явсан энэ эрхэм өнгөрсөн жилийн долдугаар сард таалал төгссөн билээ.
Тэрбээр 60 насныхаа ойг тэмдэглэхээр төлөвлөж ДБЭТ-т захиалга өгсөн байжээ. Тиймээс түүний үйл хэргийг үргэлж лүүлэн яваа шавь нар болон ар гэрийнхэн, уран бүтээлийн андууд нь хамтран өчигдрөөс энэ сарын 13 хүртэл “Нацагдоржийн хөгжмийн өдрүүд”-ийг зохион байгуулахаар болсон байна. Өчигдөр Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү, ардын жүжигчин Ц.Батчулуун, Төрийн шагналт Д.Төрбат нар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Өнөөдөр ДБЭТ-т Ц.Нацагдорж агсны 60 насны ойд зориулсан нэгдсэн тоглолт хийж, маргааш СУИС-д эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан, ХБК-д цөөхүүл хөгжмийн тоглолт хийх юм. Ойг тэмдэглэх хүрээнд хийж буй хамгийн том ажил нь “Тунгалаг тамир” мюзикл. Тэрбээр зууны шилдэг романд зориулан хөгжим бичиж, мюзикл тавихаар олон жил оролдсон бөгөөд мюзиклийнхээ гол ачааг ДБЭТ-ын найрал дуучдад үүрүүлэхээр төлөвлөсөн байв.
Тиймээс Ц.Нацагдорж агсантай хамтран хоёр бүжгэн жүжиг, мөн тооны дуурь бүтээсэн зохиолч Д.Төрбат, хүү Т.Зөнбилэгийнхээ хамт мюзиклийн цомнолыг бичиж энэ сарын 16-нд ДБЭТ-ын тайзнаа тоглоход бэлэн болжээ. Шинэ мюзиклийг гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Д.Ганхуяг найруулжээ.
С.СЭРГЭЛЭН