Эрүүл үс сайхан харагддаг. Тиймээс ч үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Харин эрүүл үстэй байхын тулд зөв хооллох хэрэгтэй гэнэ. Далайн төрлийн ургамал, загас мөн олон төрлийн хүнсний ногоонд бидэнд зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэмүүд ихээр агуулагддаг байна.
Германы эмч нар Гамбург хотын 1000 гаруй оршин суугчдаас судалгаа авахад тэд далайн ургамал, загасыг хоолондоо түлхүү хэрэглэдэг нь бусад хотын иргэдээс илүү эрүүл үстэй байхад нөлөөлжээ. Тиймээс аль болох уураг, зэс, цахиур, А, Е аминдэмээр баялаг хоол идэж байхыг зөвлөж байна.
Уураг нь үсний ургалтыг сайжруулдаг байна. Тослоггүй мах /загас, тахиа/, бөдөнгийн өндөг, самар зэрэгт уураг, зэс ихээр агуулагддаг.
Зэс нь будагт бодисоор баялаг тул үсний бууралтыг зогсоож, хагтахаас хамгаалдаг. Далайн байцаа, тослог багатай йогурт, тараг нь үсний гялалзсан, уян хатан чанарыг хадгалдаг байна.
Лууван, нохойн хошуунд А витамин нь ихээр агууллагддаг тул үсний ургалт, эсийн хуваагдалыг тэнцвэржүүлж, гэмтлээс сэргийлдэг.
Амтад чинжүү Е витаминаар баялаг байдаг тул үсний өнгийг сэргээж, намирсан зөөлөн болгодог.
Цахиур нь үс унахаас сэргийлдэг. Зэтгэнэ, халгай, шар будаанд ихээр агуулагддаг.
Цэцгэн байцаа, шош үсийг зөөлөн, тослог багатай өнгөлөг болгож гялалзуулдаг байна.
Хориглох хүнс
Шарсан хурц хоол, давсалсан болон лаазалсан бүтээгдэхүүн, амьтны гаралтай тос, гамбургер, хот-дог, хуушуур нь бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг тул үсэнд гэмтэл учруулдаг. Та долоо хоногийн турш тослог ихтэй хоол идлээ гэхэд үсний уутанд тос ихээр хуримтлагдаж үс амархан тослогдож, хагтдаг. Тиймээс долоо хоногт нэг удаа хөнгөн хооллож бай.
Үсийг бат бөх болгох гурван арга
Швед арга: Өдөр бүр өглөө, оройдоо хоолны халбагаар нэг удаа эрдэнэ шиш, оливын эсвэл наранцэцгийн тос ууж бай.
Дани арга: Өдөр бүр унтахаасаа өмнө нэг шилэн аяга овъёос дээр литр ус хийж 12 цаг байлгаад, өглөө нь шүүгээд өдрийн турш тал аягаар ууна.
Франц арга: Буцалсан бүлээн усанд зургаан халбага овъёос, нэг халбага зөгийн бал, нүдсэн самар хийж хонуулна. Өглөө нь том алимыг үрж, хэдэн халбага хатсан чавга, чангаанз хийгээд өглөөний цайндаа идээрэй. Зуны дэлгэр цагт дуртай жимсээ нэмж илүү амтлаг болгож идэх нь таны эрүүл мэндэд тустай байх болно.