Өөр өнцөг булан
Охидын нэгэн адил Тамара 15-тайгаасаа өдрийн тэмдэглэл хөтлөжээ. Тэрбээр дэвтэртээ “Хайр дурлал амьдралд ганцхан удаа заяадаг. Хүн тэр хайрандаа насан туршдаа үнэнч байх ёстой” гэж байсан аж. Охин зэргэлдээ ангийнхаа Колькаг анхны дурлалаараа сонгож авчээ.
Сургуулийн төгсөх ангийн үдэшлэг дээр Колька түүнийг бүжгэнд урив. Тамара баярласандаа нисэх шахаж байлаа. Дунд сургуулиа төгсгөсөн намар нь Николай Курбатов (Колька)-г цэрэгт татжээ. Түүнийг галт тэрэгний буудал дээр үдэж өгөхөөр ирсэн залуусын дунд Тамар ч байв. Бүсгүй Колькаг нүдэндээ доголон нулимстай үдэж гаргалаа. Бүтэн хоёр жилийн турш Тамара Коляг үнэнч хүлээсэн аж. Залуус хоорондоо хайр сэтгэлийн талаар тодорхой юм ярьж байсангүй.
Тэгээд ч Коля царайлаг нэгэн байсан тул байнга охидын анхаарлыг татдаг байж.
Ийм болохоор Коля Тамараг анхандаа тоосонгүй. Цэрэгт байхдаа ч түүний захидалд эелдэг зангийн үүднээс хариу бичиж байсан аж. Коля ч цэргийн хугацаат албаа нэр төртэй хааж дуусаад төрөлх тосгондоо эргэж ирэв. Тэр сургуулийнхантайгаа уулзахдаа Тамараг хараад гайхжээ. Хүний нүдэнд өртөхөөргүй туранхай годгор охин байсан
Тамара хэний ч сэтгэлийг булаахаар үзэсгэлэнтэй болсон байлаа. Цэргээс ирсэнээсээ хойш долоо хоногийн дараа Коля Тамарад “Эхнэр минь болооч” гэж хэлжээ. Тамара ч энэ үгийг сонсоод хөл нь газар хүрэхгүй явав. Харин Тамарагийн ээж нь “Чи хүнтэй суух гэж ингэж яарах хэрэг байна уу. Эхлээд мэргэжилтэй болж ав. Өөрөө амьдралаа авч явж чаддаг болсон цагтаа амьдрал зохиовол яасан юм бэ” гэж хэлжээ.
Тамара ээжийнхээ зөвлөгөөг чихээ дарж өнгөрөөлөө. Удсангүй залуусын хурим болов. Бүгд л “Бурхнаас заяасан юм шиг сайхан хос байна” гэж ам амандаа шуугиж байв. Ганцхан Тамарагийн ээж л чимээгүй уйлж суулаа. Эх хүний зөн совингоороо тэдний амьдрал бүтэлгүйтнэ гэдгийг мэдэрч байсан ч байж магадгүй.
Залуусын амьдрал жам ёсоороо үргэлжилж байв. Хоёр ч хүүхэдтэй болов. Коля сайхан нөхөр, сайн хань байлаа. Тэрбээр эхнэр хүүхдүүдээ халамжилж, гэр орноо тохижуулахад бүхий л анхаарлаа тавьдаг байсан аж. Нэг өдөр бага хүүгээ төрсөнөөс хойш удаагүй байхдаа зам хөндлөн гарч яваад машинд дайруулж нас баржээ.
Тамара хэд хоног ухаангүй шахам байж дахин хэзээ ч хүнтэй суухгүй гэж тангараглав. Гуниг зовлонгоо түр боловч мартахын тулд архи ууж эхлэжээ.
Ээж нь аргаа бараад хүүхдүүдийг нь өөр дээрээ авч өсгөж байсан хэдий ч зүрхний шигдээсээр гэнэт өөд болов. Тамара ээжийгээ өнгөрсөнөөс хойш хүнтэй суухаар шийдлээ. Тэрбээр нэг ангид хамт сурч байсан Гена Зуевтай гэрлэв. Гена Колягийн сайн найз байсан нэгэн аж. Эртнээс туяхан Тамарад сэтгэл алдарч байсан гэдэг. Коля тэр хоёрыг гэрлэх болсон мэдээг сонсонгуутаа шууд л Чечень явжээ.
Чеченьд очиж дайтаж яваад эргээд ирсэн чинь Коля нь байдаггүй. Найзынх нь эхнэр архи дарсанд орчихсон урьдын төрхөө гээчихсэн байхыг хараад Тамараг бас хүүхдүүдийг нь өрөвдлөө. Өрөвдөөд ч зогссонгүй, Тамаратай гэрлэж, найзынхаа хүүхдүүдийг өсгөлцөхөөр шийдсэн аж. Магадгүй энэ шийдвэр нь түүний амьдралдаа хийсэн том алдаа ч байж болно. Генаг Тамарагийнд ирсэн анхны өдрөөс Колягийн том хүү Ваня түүнийг нэг нүдээрээ үзсэнгүй. Хар багаас нь Ваняг аав шигээ бай гэж эцгийг нь сайн сайхан бүхний жишээ болгож ярьдаг байсан тул хүү Генаг дотроо хүлээж авсангүй.
Гена үнэндээ тулхтай, чигч шулуун зантай нэгэн байв. Цалин мөнгөө Тамарад тоо ёсоор нь өгнө. Сандал ширээ засахаас эхлээд эр хүнд ноогдсон ажлаа хэл амгүй гүйцэтгэнэ. Гагцхүү хоол хийх дургүй байж. Тамарад гурвын гурван эрэгтэй хүний хоолыг хийх нь хэцүү санагдах үе гарна. Энэ үед “ёо, ёо ядарч байна. Та нарын хэн нэг нь надад тусалдаг болоосой” гэж үглэнэ.
Энэ үед Ваня хөмсөгөө зангидаж хойт эцгээ хараадаг байв. Цаг хугацаа аажмаар өнгөрсөөр Ваня нэг мэдэхэд 18 хүрчээ. Нэг удаа зуслан дээрээ найз залуугаа дагуулан ирж архи уулаа. Ээжийгээ ч дуудаж архиар дайлав. Бас ч зүгээргүй Ванягийн найз Тамарад харц чулуудах аж. Ойрд уугаагүй Тамара архинд амархан согтов. Энэ үед гаднаас Гена орж ирээд эхнэрээ зэмлэнгүй харсанаа хийсэн хоолыг нь бүгдийг нь идээд өрөөндөө ороод унтаад өгчээ. Ер нь тэдний амьдрал иймэрхүү байдалтай үргэлжлэх болов.
Гена ээлжийн ажилтай тул өнжөөд ирнэ. Түүнийг эзгүй хооронд эхнэр нь том хүүтэйгээ бас болоогүй найзтай нь цуг ууна. Харин Тамара хүүгийнхээ найзад таалагдаж байгаагаа мэдэрч байв. Хөлчүү хүмүүсийн хооронд юу болсоныг үгээр илэрхийлэхэд ч хэцүү. Хамгийн аймшигтай нь согтуу Тамара “Та нарын тогоог орой бүр барьж сөхөрч уналаа. Үргэлж хоол хийх амар гэж санана уу. Энэ Гена зочид буудалд байгаа юм шиг л байх юм” гэж үглэв. Энэ үг Ваняд загтнасан газар нь маажих шиг болжээ.
“Ээж ээ би түүнийг болгоод өгье. Би түүнийг анх харсан өдрөөсөө л чадах юмсан гэж хүсдэг байлаа” гэж хэлжээ. Хөлчүү Тамара хүүгээ юу яриад байгааг ухаарсангүй. Гал тогооныхоо өрөөнд үүрээр сэрээд харсан чинь хүү нь дэргэд нь ирчихсэн “Тэр цэцэрлэгийн шороон дор нам гүм унтаж байгаа. Одоо танд олон хүний хоол бэлтгэх хэрэг байхгүй болсон” гэж хэлжээ. Чухам юу болсоныг ухаарсан Тамара цагдаагийн газарт очиж бүгдийг ярьжээ. Мөрдөн байцаалтын үеэр байнга очиж, шүүх хуралд ч суужээ.
Хайр дурлал хүнд ганцхан удаа заяадаг гэдэг үнэн эсэхийг Тамара нотолж чадсангүй. Тэр анхны хайраа өгсөн хүнийхээ хүүхдийг алуурчин болгож өсгөснөө л ойлгож байв.
Мөн Тамараг хар багаас нь хайрлаж явсан Гена Зуевт хэтэрхий хайхрамжгүй хандаж ирснээ ухаарсан аж. Гэвч энэ нь хожимдсон ухаарал байв.