Бид хүний нийгэмд амьдарч байна. Хүн бүр адилгүй, маш олон янз байдаг. Тэгээд бүгдийнх нь хүсэл эрмэлзлэл, сонирхол харилцан адилгүй. Аав, ээж, үйлчүүлэгч, зорчигч, ажилтан, багш, сурагч, худалдан авагч. Бид үнэт цаг хугацаагаа ажил олгогчид худалдаж, үүнийхээ оронд цалин хөлс авдаг шүү дээ. Харин бүхэл амьдралынхаа турш үйлчлүүлэгч, худалдан авагч байдаг онцлогтой.
Тэгвэл бидний эргэн тойронд хэдэн төрлийн худалдагч байдаг вэ? Тэдгээрийн хамгийн идэвхтэй нь аль болох, хэн нь танд таалагддаг вэ? Хамгийн их зүйл зарж, орлоготой ажилладаг худалдагч хамгийн идэвхтэй гэдэг нь ойлгомжтой. Хэрэв их зүйл борлуулж чадаж байна аа гэдэг чинь хүмүүс түүнд дуртай байна аа гэсэн үг биш гэж үү? Үргэлж тийм биш. Заримдаа ийм худалдагч худалдааны арга техникийг гайхалтай хослуулж, амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа явдал юм. Ингээд хэдэн төрлийн худалдагч байдаг вэ?
Идэвхтэн “пионер“
Энэ төрлийн худалдагч тан дээр шууд хүрч ирээд бараагаа магтаж, сурталчилж эхэлнэ. Түүний яриаг таслахад маш хэцүү. Заримдаа түүний хэтэрхий их яриа залхааж эхлэх нь бий. Юу авахаа мэдэхгүй эргэлзэж буй хүмүүсийг худалдагчийн ийм хандлага айлгаж, үргээж орхидог. Нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулан, байнгын хөдөлгөөнд байдаг ийм төрлийн худалдагч ямар ч харилцаанд түвэггүй орж чаддаг. Тэр бүх талаараа "Би таны мэдэлд" гэсэн чиг хандлагыг үзүүлж байдаг.
Дүнсгэр “ахмад“
Сэтгэлийн хөдөлгөөнгүй багтай хүн. Бүх байдлаараа "Би чанартай зүйлийг сайн мэднэ, зөвхөн эд мэддэг хүнтэй харилцана" гэдгээ харуулахыг хичээдэг. Туршлагагүй худалдан авагч түүнийг залхаадаг. "Эхлээд авах зүйлээ тооцоол, дараа нь худалдагчтай харилц" гэсэн зарчим баримтална. Ийм худалдагчийн яриа хурдан биш, мэргэжлийн үг хэллэг их орсон байдаг. Хэрэв бараа сонирхогч түүнтэй мэргэжлийн үг хэллэгээр харилцвал дүнсгэр байдал нь ор мөргүй алга болж, дуртайяа харилцаж эхэлдэг.
Ажил хэрэгч “бизнесмен”
Тэдний хувьд бараагаа худалдах нь хамгаас чухал. Хэрэв баяр хөөртэйгөөр бараагаа сонгочихоод явж байгаа худалдан авагч таарвал тэднийг огт сонирхохгүй. Худалдагчийн түгээмэл хэлбэр. Мөнгө-бараа-мөнгө. Хэрэв ашигтай наймаа хийж болох нь гэдгийг зөнгөөрөө мэдэрвэл худалдан авагчид бүтэн үйлчилгээ үзүүлнэ. Харин эсрэг тохиолдолд таны зүг толгойгоо ч эргүүлэхгүй. Ааш муутай, шаргуу зүтгэлтэй. Түүний уриа "Гол нь үр дүн!"
Азгүй - тохиолдлын
Энэ хүмүүс бусдын оронд түр сууж байгаа, дөнгөж худалдаа хийж эхлэгчид. Худалдааны ертөнцөд санаандгүйгээр орж ирсэн хүн. Бүхий л байдал, гаднах төрхөөрөө амьдрал тэдэнд шударга бус хандаж байна гэсэн ойлголтыг төрүүлдэг. Дургүй ажлаа эрхлэгчид. Арилжааны хууль, бодит байдлыг гадарладаггүй. Өөрийгөө ч, худалдан авагчийг ч зовооно. Бараа бүтээгдэхүүнийхээ талаар ойлголт байхгүйгээс танд ямар ч тайлбар хийж чадахгүй. Өөрийн энэ аз жаргалгүй байдалд өөрийгөө ч бас таныг ч буруутгадаг.
Дайралт "анчин"
Энэ худалдагч үйлчлүүлэгчдээ өрсөлдөгч мэтээр хүлээж авдаг. Тэр анчин. Худалдан авчийг "олзлоод" бараагаа зарна. Ихэвчилэн шинэхэн худалдагчид ийм хандлага гаргадаг. Тэд ямар ч аргаар хамаагүй зорьсондоо хүрэхийн хичээдэг. Тэдэнтэй зөвхөн өөртөө итгэлгүй, эсвэл сонголтоо аль эрт хийчихсэн худалдан авагчид харилцдаг.
Халамжит “ээж“
Танд өөрийн хүүхэд мэт санаа тавьж байсан худалдагч таарч байсан биз. Таны асуудалд өөриймсөг хандаж байгаа нь эрхгүй мэдрэгдэнэ. Таны яриаг анхааралтай сонсож, асуудлыг голыг олж харахыг хичээнэ. Өөрийн саналыг тулгахгүй, харин сайн бодож үзэхийг зөвлөнө. Бүх зүйл сайхан. Гэхдээ ийм худалдагч гол нь арилжаа гэдгийг мартах гээд байдаг. Таны хүндрэлтэй асуудалд нэвтэрснээр сэтгэлийн дэм өгнө. Замын эсрэг талын өрсөлдөгчийн бараа хямд гээд тийш нь явуулах жишээтэй. Худалдан авагчид тааламжтай нь ойлгомжтой. Тэгвэл худалдагчид...? Энэ төрлийн худалдагч бүхий л байдлаараа үйлчлүүлэгч хаан гэдгийг харуулж байдаг. Өөртөө болон дэлгүүртээ хохирол хүлээгээд шүү дээ.
Бяцхан “хүүхэд“
"Жижигхэн хүн" байр суурийг баримтлагчид. Түүнээс ямар ч зүйл хамаарахгүй. Энэ миний үүрэгт багтахгүй. Юу ч харахгүй, сонсохгүй байна. Идэвхгүй хүмүүс. Аливаа албан газар ийм хүмүүс сул тал нь болж байдаг. Тэдний энэ сул дорой байдлын ард мэдлэг боловсрол дутмаг, өөртөө үл итгэх, үйлчүүлэгчтэй харилцаж чадахгүй байдал нуугддаг. Бүх зүйлийг сурч болно. Гэвч эдгээр хүмүүсийн дотор эсрэг мотор ажиллаж байдаг. Тэд өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханаж, илүү зүйлд санаархдаггүй. Цалин бага ч тогтвортой ажил шүү дээ. Юм худалдаж авахаар ирсэн хүн авахдаа л авна гэсэн үзэл баримтлалтай.
Мэргэжилтэн
Шижир алт. Худалдаа арилжааны ертөнц бүхэлдээ тэдний нуруун дээр байдаг гэж хэлж болно. Идэвхтэн "пионер", ажил хэрэгч "бизнесмен", халамжит "ээж"-ийн нийлмэл загвар. Арилжааны арга техникийг сайн эзэмшсэн, бараа, бүтээгдэхүүнээ гайхалтай мэддэг, сандарч тэвдэхийг мэдэхгүй, үйлчлүүлэгчтэй хэзээ ч маргаж мэтгэлцэхгүй. Хамгийн том арилжааг тэд л хийдэг. Харамсалтай нь энэ шижир алт тун ховор тохиолддог.