Ёкозүна Хакүхо өнгөрсөн жил Японы Такэгава хотын аялал жуулчлалын хүндэт элчээр сонгогдсон билээ. Тэр үед Хакүход Такэгава хотоос нэгэн хурга бэлэглэсэн нь тус хотод өсөж бойжин, одоо нэг нас хүрчээ. Хакүхогийн хурганд нэр өгөх хөдөлгөөн Японд өрнөж, аварга “Хайр” гэдэг нэр сонгосон юм.
Энэ сарын 11-нд Такэгава хотын захиргаанаас Хакүхогийн хурганы тухай “Хайр нэртэй хурга” ном хэвлэгдэн гарсан тухай зарлалаа. 1500 иений үнэтэй энэ номын орлогын зарим хэсгийг газар хөдлөлтөд өртсөн хүмүүст хандивлах гэнэ. Мөн Монголд “Хайр нэртэй хурга” номоо орчуулан худалдаалахыг Хакүхо хүсэж байгаа аж.
Тус номд Японы хээр талд төрсөн Хайр хурга, Бүн гэдэг зөгийтэй найзлан, нөхөрлөж байгаа тухай өгүүлсэн бөгөөд найз нөхдөө хайрлах, харилцан туслахын чухлыг хүүхэд багачуудад сургадаг. Хакүхо энэ зургадугаар сард Такэгавад очиж, “Хакүхо” будаагаа тариалан, аравдугаар сард хураах ургацаа газар хөдлөлтийн бүсийн иргэдэд бэлэглэх болно.
М.СУГАРАА