Америкийн Монтана муж дахь Эмерсоны урлаг соёлын төвд Монголын уран бүтээлчийн зургийг дуудлагаар худалдах гэж байна. “Эх дэлхийн өдөр”-т зориулан зурсан Монголын залуу уран бүтээлчдийн үндэсний хэв маяг, арга барил шингэсэн бүтээлүүдийг “Tributary” сангийн Монгол дахь салбарын ажилтнууд сонгон тус төвд илгээсэн байна.
Эмерсоны төвд хүргэсэн долоон бүтээлийг Улаанбаатар хот дахь Буддын соёл, сургалт, судлалын төвийн 12-19 насны залуус зурсан бөгөөд тэд ихэвчлэн луу, загас зэрэг амьтан дүрсэлсэн байгаль, экологийн сэдэвтэй байжээ.
Тэднээс “Тумбааш” буюу “Эвтэй дөрвөн амьтан” зургийг зохион байгуулагчид сонгож, дуудлагаар худалдахаар шийд сэн аж. Үнийн саналыг цахим хуудас болон утсаар авч эхэлсэн бөгөөд үнэ хаялцуулах хугацаа өнөөдөр дуусна.
У.ТЭНҮҮН