Ноднин жил Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо өндөрлөсөн “Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадам” бөөн хэл ам, хэрүүл шуугиан дэгдээсэн арга хэмжээ болон хувирч, нэгэнт цаг нь тулсан тул 50 гаруй орныхон түүнд оролцсон нэр зүүж, “домоглохоос” аргагүйд хүрсэн нь гашуун боловч үнэн. Одоо болтол гол буруутан хэмээн чичлүүлээд байгаа угийн “жонхуу” энэтхэгчүүд эхнээсээ л бэлтгэл ажлаа “яст мэлхийн” мөлхөөгөөр гүйцэтгэж, тайлан мэдээгээ “тахийн хурдаар” мэдээлж байснаас уг арга хэмжээг хууль ёсоор өмчилдөг Хамтын нөхөрлөлийн наадмын холбоотой ширүүн тэрсэлдэж, англи спортын “лордууд” наадмыг өөр улс руу шилжүүлдгийн даваан дээр нутгийн Ража нар “цагаан туг”-аа өргөж, цагийн ажлаа амжуулсан билээ.
Уншигч авхай та биднээс хол хөндий энэ наадам юу билээ гэж гайхаж магад. Үүнийг Английн колони байсан орнуудын “олимп” буюу “Commonwealth Games” гэмой. Английн хатан хаанд өдгөө болтол сүслэн мөргөж, сүртэй гэгч наадамлаж, үнэнч зүтгэсээр буйгаа үнэн сэтгэлээсээ харуулдаг хамтын нөхөрлөлийн орнуудын наадам 81 жилийн өмнө үүсчээ. Анх Британийн эзэнт гүр ний наадам (British Empire Games) нэртэйгээр Канадын Онта рио мужийн Хэмилтон хотноо зохиогдсон түүхтэй.
Энэ бол дэлхийд ноёрхлоо тогтоож байсан Британийн их гүрний сүр хүчийг илтгэн харуулсан арга хэмжээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэтхэгт арай чамай ээлжээ өнгөрөөсөн Хамтын нөхөрлөлийн орнуудын XIX наадамд таван тивийн 60 шахам орны баг өрсөлдсөн бол 2014 оных Шотландын Глазгод зохиогдохоор тов нь тодорсон байх юм. Азиас гэхэд л Малайз, Сингапур, Бангладеш, Пакистан, Мальдив, Шри-Ланка зэрэг улсууд “дагаар орон”, Лондонд одоо болтол мэхийн ёсолсоор байна. 2006 онд Мельбурн хотноо болсон уг наадмыг манай “ТВ5” телевизийнхэн шууд дамжуулж байсныг ч спорт сонирхогчид санаж буй биз ээ.
Энэ удаа айлын наадмыг магтан хөл алдах гэсэнгүй, харин ч дээд тэнгэрээс заяат монголчууд бид дэлхийн талыг эзэлж, Монголын их эзэнт гүрнийг байгуулсан, суу алдарт Чингис хааныхаа нэрийг мөнхөлсөн “Chinggis Khaan Empire Games”-ийг нижигнэтэл зохиож, их хэнгэргээ дэлдэх цаг болсон биш үү! Тэгвэл “Чингис хааны эзэнт гүрний наадам”-д одоогийн “хэллэгээр” бол ОХУ, БНХАУ, Унгар, Египет, Иран, Польш, Болгар, Турк, БНСУ, Индонез, Узбекистан, Азербайжан, Гүрж... гээд л олон олон дагаар орогсод оролцох нь гарцаагүй.
Дэлхийн франц хэлтнүүд “Francophonie”, португалиар яриг сад “Lusophony”, израиль үн дэст нүүд “Маккаби”, испани угсаат нууд “IberoAmericana” гээд л өөр өөрсдийн өнгө аястай наадамтай. Саяхан Армений ҮОХ-ны найз Г.Григорян надаас “Монголд армен үндэстэн байдаг бол энэ жил Ереванд болох Дэлхийн арменчуудын наадамд заавал оролцуулаарай” хэмээн хичээнгүйлэн гуйж билээ. Эрхэм андын хүсэлтийг биелүүлэх гэж чамгүй эрэл хайгуул хийсэн ч “Бабек”-ийн нутгийн нэг ч бавгар армен манай нутагт хоол хороодоггүй бололтой. Тэр бүү хэл Аляска мужийн эскимосчуудын наадам түүдгээ асааж, үндэсний тоглоом наадгайгаар хөгжилдөн, чукча найз нараа нэг бус удаа урьсан гээд бод л доо.
“Mongolian Empire Games” буюу “Монголын эзэнт их гүрний наадам” маань дээрх арга хэмжээг дагуулахгүй дэлхийг донсолгосон “даншиг” болох нь тодорхой. Үүний төлөө монголчууд бид хүчээ нэгтгэн, их гүрнийхээ эзэмшил байсан нутгийнхантай спортын талбарт нүүр тулах цаг холгүй мэт. Гэхдээ бид энэ талаар бас багагүй зүйл хийснийг дурдахгүй өнгөрвөл алдас болно. МҮОХ-ноос санаачлан Чингис хааны нэрэмжит “Chinggis Khaan World Sports Trophy” цомыг бүтээж, тулааны спортын олимп, дэлхийн нэрт аварга Кейжи Сүзүки (Япон, жүдо), Бувайсар Сайтиев (ОХУ, чөлөөт бөх) нарт 2006, 2008 онд ёслол төгөлдөр гардуулж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь спортынхноос их эзэндээ өргөсөн хүндлэл байлаа.
Мөн БТСГ-аас “Монгол туургатны наадам”-ын салхийг сэвэлзүүлж, өвөр монгол, буриад монгол ах дүү нартайгаа спортоор цэнгэлдсэн нь том наадмын эхлэл ч гэж болох билэг дэмбэрэлтэй үйл ажиллагаа мөн. Одоо энэ наадмаа төр засгийн ивээлд багтааж, мөнх хөх тэнгэрийн дор оршиж буй монгол үндэстнүүдээ өргөнөөр урин залж, хүрээг нь тэлж, улмаар Их Монголын эзэнт гүрэнд харьяалагдаж байсан хагас зуу шахам орны наадам болгон өргөжүүлэхийг түүх биднээс шаардаж байх шиг. Монголын алтан ургийн газар нутаг Оюу толгойн алт эрдэнийн дээжсээс “Лондон- 2012” олимпийн медалийг дархалж, Чингис эзэн хааны эрдэнэсийн хишгээс дэлхийн шилдэг тамирчид ирэх олимпоос хүртэх гэж байна шүү дээ. Энэ бол монгол түмний омогшил бахархал.
Тэнгэр заяат ИХ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ НААДАМ нь хамтын нөхөрлөлийн “даншиг”- аас халин давах болтугай! Их хэнгэргээ дэлдэцгээе!
Ж.ОТГОНЦАГААН