Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ямар хөгжим хамгийн олон байдаг вэ. Удирдаачтай хамгийн ойр суудаг хөгжимчин нь хэн бэ. Мэдээж энэ бол хийл хөгжим бас нэгдүгээр хийлч. Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд чавхдаст хөгжим тэр дундаа хийл чухал үүрэгтэй. Монгол хийлчид авьяас чадвараараа Азидаа тэргүүн эгнээнд бичигддэг.
Тиймдээ ч өнгөрсөн жил НҮБ-аас зохион байгуулсан “Academic Impact” тоглолтод Ази, Номхон далайн орнуудын нэгдсэн симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ДБЭТ-ын гоцлол хөгжимчин Ц.Мөнхболд, Д.Гэрэлтуяа нар урилгаар оролцсон юм. Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд бол манай симфони найрал хөгжмийн нэгдүгээр хийлч. Д.Гэрэлтуяа ДБЭТ-ын урдаа барьдаг гоцлол хөгжимчин.
Тэрбээр энэ сарын 26-нд “Зүрхэнд хүрэх гайхамшиг” нэртэй тоглолт хийхээр болжээ. ОХУ-ын Уралын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн тэрбээр Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжимчдийн уралдаанд тэргүүн, дэд тэргүүн байр, Цөөхүүл хөгжимчдийн улсын уралдаанаас дэд тэргүүн байр эзэлж ур чадвараа баталж байв. Хийлийн аялгууг хүн бүхний зүрхэнд хүргэхээр зорьсон энэ удаагийн тоглолтод П.И.Чайковскийн “Хунт нуур”- ын адажио, “Вальс скерцо”, Де Фальяагийн “Испани бүжиг”, П.Сарасатегийн “Цыганы дуулал”, К.Сен- Сансын “Концерт ¹ 3” зэрэг сонгодог бүтээл багтаж буй.
Гоцлол хөгжимчин Д.Гэрэлтуяагийн тоглолтод тус театрын гоцлооч Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Э.Амартүвшин болон симфони найрал хөгжим, балетийн жүжигчид оролцоно. Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ОХУ-ын ардын жүжигчин А.П.Чепурной нар удирдан тоглуулна.
Ж.СОЛОНГО