“Хүүхэд бүр зураач. Тэдний дүрслэх ур, бүтээлч сэтгэлгээг хэрхэн хэвээр нь үлдээх вэ гэдэгт л асуудлын гол оршдог” гэж Пабло Пикассо хэлсэн юм билээ. Хүүхдүүдэд бийр, будаг бариулбал юу нь үл мэдэгдэх дүрснүүд сараачиж орхино. Цаас нь хангалтгүй санагдсан уу гэлтэй хана, ширээ, хувцас, бүр өөрийгөө хүртэл будчихна. Гэхдээ хүүхдүүд өөрийн нүдээр ертөнцийг харж, мэдэрсэн зүйлсээ хэнээс ч нууж хаалгүйгээр зурдаг юм.
Үүгээрээ дамжуулан тэд өөрийгөө илэрхийлдэг хэмээн багш, урлаг судлаач нар дүгнэдэг. Яг энэ шалтгаанаар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Hugo and color”, “Gallery school” төв хамтран дунд сургуулийн сурагчдын дунд “Хаврын баяр” зургийн уралдаан зарлажээ. Хоёр шаттай зохион байгуулсан уг уралдаанд 200 гаруй сурагч оролцсон бөгөөд өчигдөр шилдгүүдийг шалгаруулж, үзэсгэлэн дэлгэсэн юм. Үзэсгэлэнгийн танхимд ороход Доррис Дёрригийн “Баруун дээд буландаа нартай зураг” өгүүллэгийг санагдуулж байсан.
Зохиолын үйл явдал хүүхдийн ертөнцтэй төдийлэн тохирохгүй ч гол баатар хүү баруун дээд буландаа нартай, аав ээж, эгчийгээ дүрсэлсэн зураг үргэлж зурдаг юм. Тэнд дэлгэсэн зургийн ихэнх нь ч дээрхтэй тун төстэй. Тод өнгө, инээмсэглэсэн хүмүүс, хурц нар, солонго, хайртай амьтан, дуртай тоглоом гээд л. Хүүхдийн ертөнц тийм гэгээлэг. Харамсалтай нь нийгмийн бухимдал, байгалийн гамшиг ч тэдний оюунд сүүдэр тусгажээ. Тэр дундаа “Үй цай” сургуулийн багачууд гол мөрөн ширгэж, говийнхон усны хомсдолд орж буйг бүтээлдээ харуулсан аж.
Нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн ч хүүхдүүд л юм хойно усаа ягаанаар будчихсан харагдана билээ. “Миний шүүсэн уралдаанаас хамгийн хэцүү нь энэ байлаа. Хүүхдийн оюуны ертөнцийг томчуудын нүдээр шүүх нь учир дутагдалтай ч бид чадахаараа хичээсэн. Мэргэжлийн хэмжээнд дөхсөн, ур чадвар нь арай илүү зургийг байр эзлүүллээ” хэмээн шүүгчид ярьсан юм. Нэгээс арваннэгдүгээр ангийн ангилал бүрээс шилдэг гурван зураач тодруулсан.
Нэгдүгээр ангийнхан дотроос хамгийн шилдгээр “Үй цай” сургуулийн сурагч Б.Эрдэнэ, хоёрдугаарт “Оюуны төв”-ийн М.Анар, 29 дүгээр сургуулийн сурагч Ш.Золбоо гуравдугаар байр эзэллээ. Тэгвэл тэдний ах эгч нар болох арваннэгдүгээр ангийнхнаас “Монген”-ий сурагч Б.Баттөр тэргүүн байр эзэлж, IX сургуулийн Б.Жанчивдорж удаалан, Э.Ундраачимэг гуравдугаар байрын эзнээр тодорсон юм.
Б.ЭГШИГЛЭН