Шоу бизнесийн ертөнцийнхөн дунд ихэр хүүхэд төрүүлэх моод дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. Женнифер Лопез, Жулия Робертс, Сара Жессика Паркер, Анжелина Жоли, Селин Дион гэсэн цуваа Мэрайя Керригээр үргэлжлэх нь. Сарын дараа амаржиж, үрийн зулай үнэрлэх гэж буй алдарт дуучин Мэрайя Керри ихрүүдээ тансаг орчинд торниулахаар шийдэж, бэлтгэлээ хэдийнэ базааснаа хэвлэлийнхэнд зарлажээ.
Өдгөө 42 настай тэрбээр Калифорни муж дахь харшдаа тусгайлан өрөө бэлдэж, тохижуулснаа “Life&Style” сэтгүүлийнхэнд танилцуулсан байна. Ник Кэнон, Мэрайя нар хүү, охинтой болох тул ханын цаасны өнгийг ногоон суурьтай ягаан хээтэй байхаар сонгосон бөгөөд хананд нь од шигтгэснээ “Би өөрийн зохиосон “Дэргэд минь одод анивчина” гэх дуунаас санаа авсан” хэмээн тайлбарлажээ.
У.ТЭНҮҮН