Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос “Монгол гайхамшиг 2011” арга хэмжээ зохион байгуулж буй. Тус холбооны нарийн бичгийн дарга Ц.Энхжаргалаас энэ талаар тодрууллаа.
-“Монгол гайхамшиг” үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бил үү?
-Анх 1993 онд “Монгол гайхамшиг” үзэсгэлэнг манай холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Түмэн-Өлзий гуай зохион байгуулсан. Үүнээс хойш 18 жилийн дараа энэ сарын 21-23-нд “Монгол гайхамшиг 2011” арга хэмжээ болж байна. Цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг арга хэмжээний хүрээнд оюунлаг иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, лекц, концерт болох юм.
-Үзэсгэлэнд ямар бүтээлүүд дэлгэх вэ. Энэ үеэр дуудлага худалдаа явуулна гэсэн үү?
-Манай холбоонд бүртгэлтэй 260 гаруй хүн байдаг. Тэдний олонх нь Монголын хэмжээнд салбар салбартаа аливаа нэг зүйлийг анхалж хийсэн. Тэгэхээр энэ үзэсгэлэнд анхдагч болон анхдагчтай холбоотой монгол хүний оюунаар бүтсэн дахин давтагдашгүй бүтээл, эд зүйлийг дэлгэнэ. Мөн үзэсгэлэнд оролцож өөрт байгаа ховор нандин зүйлээ хүмүүст үзүүлэх, дуудлагаар худалдах хүсэлтэй хэн бүхэнд манай хаалга нээлттэй. Авдартаа хадгалж байдаг ховор нандин зүйл, оюунлаг хүмүүсийн бүтээл, тэдэнтэй холбоотой эд зүйлийг алдаршуулах, үнэ цэнийг өсгөх нь энэ арга хэмжээний гол зорилго. Үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдийг алдаршуулсан ном гаргана.
-Танай холбооноос “Монгол гайхамшиг” телевизийн нэвтрүүлэг хийдэг шүү дээ. Тэр нэвтрүүлэгт оруулж дуудлагаар худалдсан бүтээлээс дурдаач?
-Тэр нэвтрүүлгээр манай холбоо гишүүдийнхээ бүтээлийг худалддаг юм. Олон зүйлийг олны хүр тээл болгосноос хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуайн “Үдэлт” дууг 800.000, мэргэжлийн боксын дэлхийн хоёр удаагийн аварга Ч.Цэвээнпүрэвийн гарын үсгийг 300.000, Д.Лувсаншарав гуайн гарын үсгийг 750.000 төгрөгөөр худалдсан.
-Лекц, концерт нь хэзээ болох вэ?
-Лекц, концерт энэ сарын 22-нд Офицеруудын ордонд болно. Судлаач Ч.Эрдэнэ, удган И.Эрдэнэчимэг, монгол судлаач Баяндалай нар лекц уншиж, манай гишүүд концерт тоглоно.
Х.АМИНА