Монголын театрын урлагийн хүндтэй төлөөлөгчид, тэдний тоглож байсан уран бүтээлийн гэрэл зураг, тоглолтын зар, гар бичмэл, уран зураг дэлгэсэн үзэсгэлэн өчигдөр Театрын музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнг нэг хүний уран бүтээлээр дэглэж нийт ард түмэнд зориулснаараа онцлог. Үзэсгэлэнгийн танхим дүүргэх арвин бүтээл туур висан хүн бол Төрийн хошой шагналт зохиолч, най руулагч Донровын Намдаг. “Театрын эцэг” хэмээн хүндлэгддэг түүний 100 насны ойд зориулсан “Ээдрээтэй зам ба үнэн” үзэсгэлэнгийн нээлтэд түүний охин Н.Дарьсүрэн, Н.Эрдэнэ болон зээ хүү УИХ-ын гишүүн З.Алтай, ардын жүжигчин А.Очирбат, Г.Хайдав, Б.Мөнхдорж, Н.Сувд, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу нарын урлаг, соёлын хүндтэй төлөөлөгч оролцсон юм.
Хийсэн үйл, бүтээсэн гавьяагаараа нэгэн зуунд төдийгүй мянганд ч мартагдахгүй гавьяатай түүнд хүндэтгэл үзүүлэхээр азай буурал шавь нар нь хадаг дэлгэн мэхийн ёсолсон. Гавьяат жүжигчин Лха.Долгор гуай алд цэнхэр хадаг барин мэхийж “Би энэ хүнийг үргэлж дурсаж явна, яагаад ч мартахгүй. Намайг урлагийн замд хөтөлсөн гавьяатай олон хүний нэг нь Д.Намдаг гуай. Түүний хүчээр би өдий зэрэгтэй жүжигчин болсон” хэмээн хоолой зангируулж байв. Түүнчлэн ардын жүжигчин Г.Хайдав гуайг хүртэл жүжигтээ тоглуулж, авьяасыг нь нээж байсныг тэрбээр дурссан.
Д.Намдаг агсны охин Н.Дарьсүрэн гуай ирэх намар аавынхаа мэндэлсний ойг тэмдэглэхээр төлөвлөж, үүнээс өмнө эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Энэ удаа үзэсгэлэнгийн нээлтэд Д.Намдаг агсны охин Н.Гэрлээ нь ирж амжаагүй юм билээ. Үзэсгэлэнг “Ээдрээтэй зам ба үнэн” хэмээн нэрлэсэн нь учиртай. Тэрбээр ээдрээтэй хувь заяагаар амьдарч хожим цагаадсан нь үнэн. Мөн түүний зохиосон “Ээдрээ”, “Шинэ зам”, тоглосон “Үнэн” жүжгийн нэрээс эдгээр үгийг “зээлжээ”. Зохиолч өөрийн дурсамждаа “Театрын дарга Гомбожав Д.Нацагдоржийнд хэсэг хүн шинэ жил тэмдэглэхэд хамт явъя гэж намайг урьж бид шинэ жилийг сайхан тэмдэглэсэн. Тэгтэл Дотоодыг хамгаалахаас биднийг найз нөхдийн хамт Манж Го улсын нэг жилийн ойг баярлан тэмдэглэсэн хэмээн сэжиглэсэн.
Гэрэл зургийг авсан “Берлин” Бат-Очир “Тайж Нацагдоржийн банкет” гэсэн тайлбарыг зургийнхаа дор тавьснаас энэ хэрэг үүдэлтэй” хэмээн бичсэн байдаг. Үзэсгэлэнгийн танхимын хойморт тэр ээдрээт амьдралыг буулгасан гэрэл зургийг өлгөсөн байв. Ахмад уран бүтээлчид түүний хэлж байсан захиасыг мартаагүй л явна. “Өөрийнхөө байгааг нотол” гэж надад захисан хэмээн нэг нь хэлэхэд “Үргэлж хүнийг өөрөөсөө илүү боловсруулахыг зорьж байсан” гэж нөгөө нь дурсана. Тэд ХХ зуунд Монголын театрын урлаг, утга зохиолын хүнд ачаанаас үүрэлцэж явсан эрхэм хүнийг ам булаалдан санан дурссан нь энэ. “Ээдрээтэй зам ба үнэн” үзэсгэлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ.
Ж.СОЛОНГО