Хүний бэлгийн чиг хандлагын талаарх асуудал эргэлзээтэй байдаг. Ихэнх нь хүний бэлгийн чиг хандлагад эцэг, эхчүүд нөлөөлдөг гэж боддог ч энэ нь ташаа ойлголт. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг хандлага эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшүүлээд байна.
Үүнд ураг бүрэлдэх үед эхийн хүнс тэжээл, сэтгэл санааны байдал, гадаад орчин, агаар, дуу чимээ гээд бүхий л зүйл нөлөөлдөг байх магадлалтай гэнэ.
Бэлгийн чиг хандлагыг гетеросекс, гомосекс, бисекс гэж нэрлэдэг.
Гетеросекс чиг хандлага: эсрэг хүйснийнхээ хүнийг сонирхон, дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ.
Гомосекс чиг хандлага: ихэвчлэн ижил хүйсийхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог нэгнийг энэ ангилалд хамруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.
Бисекс чиг хандлага: өөрийн ижил ба эсрэг хүйснийхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ.
Жишээ нь: эмэгтэй, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.
Эсрэг болон ижил хүйстэнтэйгээ мөн хоёулантай нь бэлгийн харилцаанд ордог хүн янз бүрийн гэр бүлд төрж, өссөн байдаг. Олон жилийн судалгаа эцэг, эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ордог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйстнээ сонирхдог байжээ. Түүнчлэн ижил хүйстнүүдийн ихэнх хувь нь гетросекс /эсрэг хүйстнээ сонирхдог/ гэр бүлд төрж, өссөн байдаг.
Хүн судлаач Форд, Бееч нар гомо зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст сүүн тэжээлт аймгийн бүх амьтанд энэ харилцаа байдаг болохыг тогтоосон байна. Хүн төрөлхтөний хөгжлийн бүхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй хэмээжээ.
Гомосекс хүмүүс чин сэтгэлээсээ хүсч, чармайвал гетеросекс чиг хандлагатай болох боломжтой болов уу гэж олон хүн асуудаг байна. Харин мэргэжилтнүүд үүнд дараах байдлаар хариулжээ. Хэдийгээр гей буюу лесби хүмүүс өөрсдийгөө өөрчлөхийг эрмэлзэн, хүч гаргаж байсан ч энэ чармайлт нь талаар өнгөрөх нь олонтаа байв. Хүмүүс ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу сэтгэцийн өвчин гэж үзэж, эмчлэхийг оролдож байсан ч энэ нь дэмий оролдлого байлаа. Учир нь энэ бол өвчин биш.
Харин гомо хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг л өөрчлөх боломжтойгоос бус бэлгийн чиг баримжааг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гей юмуу лесби хүн эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхох гэж өөрийгөө хүчлэх нь дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, жинхэнэ сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аж.
Судалгаагаар ижил хүйстнээ сонирходог өсвөр насныхны дунд амиа хорлох явдал гурав дахин илүү тохиолддогийг тогтоожээ. Магадгүй бусад хүмүүс ойлгоогүйгээс, шоолж доромжлон, гадуурхсанаас, өөрийгөө гаж, хэвийн бус гэж бодсоноос гэх мэт нөлөөлсөн байж болох юм.