Гайхамшигтай түүх бүхэн дэлгэцийн бүтээл болж чаддаггүй. Сибирийн хорих ангиас оргож, өвлийн хүйтэнд Монголын говийг хөндлөн туулсан Славомир Равикцын түүхээс сэдэвлэн найруулагч Петер Вейр “Буцах зам” нэртэй кино хийсэн байдаг.
Аргентинд 2010 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн уг кинонд польш цэрэг эрх чөлөөтэй болохын тулд 6500 км замыг явган туулж, эцэст нь Энэтхэгт очиж байгаа тухай өгүүлдэг. Холливудын жүжигчин Колин Фаррел, Эд Харрис нарын гол дүрд нь тоглосон киноны ихэнх хэсгийн үйл явдал говьд өрнөдөг боловч зургийг Энэтхэг, Бенгаль зэрэг оронд авсан байна.
“Буцах зам” адал явдалт кино гуравдугаар сарын 13-ны байдлаар нийт 2.6 сая долларын ашиг олсон нь багагүй амжилт. Тиймээс ч “Exclusive Films” продакшн киногоо DVD болгон ирэх долоо хоногоос худалдах гэж байна.
У.ТЭНҮҮН