Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хамгийн олон жил тасралтгүй тоглож буй бүжгэн жүжгийн нэг нь “Бахчисарайн оргилолт булаг”. 55 дахь жилдээ Монголын театрын тайзыг гоёж, үзэгчдээ угтаж буй эл бүжгэн жүжгийн Мариягийн дүрд ээж, охин хоёр бүжигчин удам залган гоцолсон байдаг.
Соёлын тэргүүний ажилтан Б.Энхээгийн бүжиглэсэн энэ дүрд түүний охин Г.Цолмон өнөө хүртэл бүжиглэсээр байгаа. Вацлав, Мария хоёрын хайр дурлал болон Крымийн эзэрхэг хаан Гирейн тухай өгүүлэх “Бахчисарайн оргилолт булаг” бүтээл энэ ням гаригт ДБЭТ-т “амилах” бол бямба гаригт нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Тунгалаг Тамир” мюзикл тоглох аж.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир” мюзиклд гавьяат жүжигчин Д.Ганхуяг, Б.Баатархүү, Ж.Иймаа, О.Батбаатар нар гоцолно. Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-т Б.Пүрэв-Очир, Х.Мөнгөнхөлөг, Г.Батчимэг нар гоцлох юм.
Ж.СЭЛЭНГЭ