Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, жүжигчин Г.Золбоот, “Харанга”-ын Х.Лхаг васүрэн нар гартаа “Эргүүл” гэсэн бичигтэй тууз зүүчихсэн гудамжаар алхаж явбал бүү гайхаарай. Тэд “Амар тайван аюулгүй орчин” аяны хүрээнд болж буй “Эргүүл” арга хэмжээнд оролцож, та бидний төлөө сайн дураараа ажиллаж байгаа нь тэр юм шүү.
Нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотод сар бүр зохион байгуулах эл арга хэмжээний нээлт өчигдөр дүүрэг бүрт боллоо. Энэ ажилд төрийн албан хаагчид, нийслэлийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын гишүүд, урлаг соёлын одод, их, дээд сургуулийн 10 мянга шахам оюутан оролцох юм.
Баянгол дүүрэгт болсон нээлтэд ирсэн хүн бүр “Эргүүл” гэсэн бичигтэй, тусгай ялгах тэмдэг бүхий пайз зүүжээ. “Амар тайван амьдралынхаа төлөө ард түмэн өөрсдөө хичээн зүтгэх хэрэгтэй” гэж тус дүүргийн цагдаагийн ахмад Н.Дунжид ярив.
Хамгийн их гэмт хэрэг гардаг хэмээн адлагддаг Сонгинохайрхан дүүрэгт 1600 хүн нэгдсэн маршрутаар сайн дурын эргүүл хийж байна. Мөн тус дүүрэгт соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн, гоц авьяастан Л.Өнөрчимэг нар нийгмийн хэв журам сахиулахад идэвхтэй оролцлоо.
О.Намчин