Монголдоо ямар ч өргүй баян гэгддэг их аварга Д.Дагвадорж уул уурхайн салбарт хүч үзэж байгаа. Арлын орны мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч тэнхээгээ гайхуулан, монголчуудаа олон жил баярлуулж, бас тэднээр хайрлуулж явсан түүнийг сүүлийн үед дарангуйлагч болсон хэмээн шуугих болов.
Түүний мэдлийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт ураны хайгуул хийж буйтай энэ яриа холбоотой гэнэ. 2009 онд Их аваргын компани техник хэрэгслээ авч ирээд өрөмдлөг хийн, Шаргачин голын эх орчимд 27 га талбайг хамгаалалтад авч, эргээс нь 1-2 метр хүрэхгүй газарт өрж эхэлсэн аж. Үүнээс үүдэн шаргачины хөндийгөөр урсдаг Номгон, ,Хатавчийн гол ширгэж, Шаргачин гол тасалдан, хоолой чийглэх усгүй болох аюул нүүрлэжээ. Эртнээс үе уламжлан ундаалж ирсэн гол ширгэж буйд харамссан иргэд тус компанийхантай уулзахаар очсон ч хамгаалалтын албаны залууст нь зодуулсан хэрэг нэг бус удаа гарчээ.
Өнгөрсөн намар Их аваргыг компанийхаа хайгуулын үйл ажиллагаатай танилцахаар ирэхэд нь нутгийн иргэд учир байдлаа хэлсэнд өөдөөс нь “Би Монгол Улсад алгын чинээхэн газар эзэмшиж болдоггүй юм уу? Энд тэнд элдэв янзын зүйл яриад үзээрэй, та нар” хэмээн омогдсон гэнэ. Монголын ард түмэн түүнийг хайрласныхаа хариуд дарамтлуулна гэж зүүдлээ ч үгүй биз.
Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Чулуут сумд нь Чулуут, Суман голоороо ундаалдаг. Байгалийн үзэсгэлэнт газар, цагаан идээний гарц, түүхий эд, аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ Монголдоо тэргүүлдэг.
Энэ нутгийн баялаг үгүйрвэл хэн хариуцлага хүлээх вэ. Засгийн газар уу, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж уу?