“Барби хүүхэлдэйг хэрэв амилуулбал хоолны дуршил буурч, хэт тураалд оруулдаг анорекси өвчтэй, шоргоолж шиг бэл хүүстэй, өргөн цээжтэй, хэтэрхий урт хөлтэй нэг тиймэрхүү стандарт бус хүн байна. Барби шиг болохыг хүсдэг охид тийм төрхийг нь харвал дуурайх биш айх болно” гэж Америкийн оюутан Галия Слайен ярьжээ. Анорекси өвчний улмаас шаналж буй тэрбээр амьгүй “хүн” дуурайж, турах гэж биеэ зовоодог охидод ясан хэдрэг шиг байх нь тийм сайхан зүйл биш гэдгийг ойлгуулахыг хүсэж судалгаа хийсэн тухай гаа ийнхүү мэдээлжээ.
Хөөрхөн Барбигийн үнэн төрхийг илчлэхийн тулд тэрбээр хүүхэлдэйн биеийн харьцааг бодит хэм ээст шилжүүлэн, үүндээ түшиглэн ийм “хүн” бүтээсэн байна. “Амилсан” Барбийг хараад охид зөв хооллолтод анхаарал хандуулаасай хэмээн хүсэж буй Слайен “Бусдыг дуурайж, гоолиг болох гэж буруу хооллох нь хожим өвчин авчирдгийг хүмүүс ойлгохгүй байгаа нь харамсалтай” хэмээжээ.
Дэлхийг “байлдан дагуулагч”-ийг хатуу цаас ашиглан “амилуулахдаа” тэрбээр толгой, хөл, гар гээд бүх зүйл нь хэвийн биш байгааг тодорхой харуулахыг хүссэн гэнэ. “Анорекси бол сэтгэл зүйд нөлөөлдөг, урхаг ихтэй өвчин. Би долоон настайгаасаа Барбигийн фэн болж, түүн шиг гоолиг байхыг хүсдэг байлаа. Аажимдаа хоолноос татгалзаж, ийм өвчтэй болсон.
Гадаад төрхөнд хууртаж, охид над шиг өвчтэй болсоор байгаад сэтгэл зовж ийнхүү Барбитай дайн зарлаж байна” хэмээн “хохирогч” онцолжээ. Дашрамд сонирхуулахад, зохион бүтээгч Рут Хэндлерийн “охин” Барби 1959 онд Америкийн Висконсинд “мэндэлсэн” бөгөөд өдгөө дэлхийн хэмжээнд секунд тутамд 1-2 Барби зарагддаг гэнэ.
Ж.ЦЭЦЭГ