Уэльсийн Үндэсний их найрал, Лондоны найрал тэргүүтэй дэлхийн мэргэжлийн хөгжмийн байгууллагууд уран бүтээлээ толилуулдаг “BBC prom” буюу Их Британийн радио, телевизийн нэгдлийн хөгжмийн наадамд манай “Хөсөгтөн” хамтлаг оролцох гэж байна. 100 гаруй жилийн түүхтэй уг наадам жил бүрийн долдугаар сараас есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг уламжлалтай.

Энэ жилийн наадмын үеэр улс, үндэстнүүдийн найрал дууны тоглолт, кино болон телевизүүдийн хөгжмийн хөтөлбөр, Францын уламжлалт хөгжмийн тоглолт зэрэг 90 гаруй арга хэмжээ багтсанаас анх удаа хошин шогийн үзүүлбэр багтаж буйгаараа онцлог. Хатан хааны театрт 1895 онд анх зохион байгуулагдаж байсан “BBC prom” энэ жил Лондоны Ройял Альбертийн театрт долдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.
“Хөсөгтөн” хамтлагийнхны хувьд Саха, Шинэ Гвинейн уран бүтээлчидтэй хамтран долдугаар сарын 23-нд “Хүн төрөлхтний хөгжим” тоглолтод оролцох юм билээ.
О.УНДАРМАА