Мемфис дэх хааны ордон. Тэргүүн зайран Рамфис этиопчууд Египет рүү довтлох гэж байгаа тухай ордны хамгаалалтын залуу ахлагч Радамест дуулгана. Радамес тэр дайнд их цэргийг удирдан ялалт байгуулж нэр төр олоод өөрийн хайрт бүсгүй боол Аидаг эрх чөлөөтэй болгохыг тэсэн ядан хүлээнэ. Радамест дурласан хааны гүнж Амнерис Аидатай ярилцах зуураа хардах сэтгэлээ илэрхийлэх ч Аида мөн Радамесийг хайрлан, Этиопын ард түмний хувь заяаны төлөө давхар түгшинэ. Энэ бол Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж буй “Аида” дуурийн эхний үзэгдлийн үйл явдал юм.
Дөрвөн бүлэг долоон үзэгдэлтэй энэ дуурийн хөгжмийг Ж.Верди бичжээ. Дэлхийн сонгодог театруудын чансааг шалгаж, нэр хүнд авчирсаар ирсэн уг бүтээлийг ДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амилуулахаар жилийн турш бэлт гэсэн юм. Он солигдохын өмнөхөн концертийн хэлбэрээр анхны тоглолтоо хийж, өдгөө бүрэн эхээр нь тоглох гэж байна. “Аида” дуурийг 1971 оны арванхоёрдугаар сарын 24-нд Ж.Боттезингийн удирдлагаар Каирт, дараа жил нь Ф.Фаччогийн удирдлагаар Миланы “Ла Скала”-д, 1975 онд Петербургийн “Марийнский” театрт тоглож байжээ.
Мэндэлсэн өдрөөсөө 140 жилийн дараа Монголд морилж буй “Аида”-г ОХУ-ын ардын жүжигчин, Красноярскийн театрын удирдаач А.П.Чепурной найруулжээ. Түүний ажилладаг театрт энэ дуурийг 15 жилийн өмнө тоглосон юм байна. Өчигдөр бэлтгэлийн үеэр урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүтэй уулзаж шинэ уран бүтээлийнх нь талаар тодрууллаа. ДБЭТ-ын түүхэнд байгаагүй олон хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээл болж байгаа гэсэн.
-“Аида” дуурийн онцлог юу вэ. Яагаад уран бүтээлчид энэ дуурьт дуулахыг мөрөөддөг юм бол?
-“Аида”-г олон хүний бүрэлдэхүүнтэй тоглодог. Алдартай театрууд хэчнээн том хэмжээгээр тавьж буйгаараа өрсөлдөх нь бий. Тиймдээ ч сонгодог театрын уран бүтээлч бүрийн мөрөөдөл нь байдаг юм. “Аида” гээд ярихад л мэднэ. Энэ дуурийг тоглосноор ДБЭТ төдийгүй уран бүтээлчдийнх нь чанар чансааг сорьж буй том даваа.
-Концертийн хэлбэрээр тоглохдоо СУИС-ийн оюутнуудыг оролцуулж, олон хүний бүрэлдэхүүнтэй найрал дуу бий болгож байсан. Энэ тоглолтод тэд оролцох уу?
-Египет, Этиоп хоёрын дайныг харуулдаг учраас манай найрал дуучид хаана ч хүрэхгүй. Баригдаад ирж байгаа нь ч тэр, барьж байгаа нь ч тэр олны хүчийг харуулах ёстой. Тиймээс ХБК-ийн дуулаачийн ангийн хүүхдүүдийг туслах дүрд тоглуулж, найрал дууны багт оруулсан. Арваннэгдүгээр сард концертийн хэлбэрээр тоглоход 160-170 уран бүтээлч оролцсон шүү дээ. Энэ удаа 250-иад хүний бүрэлдэхүүнтэй тоглоно.
-Хөгжимчин, дуучдаас өндөр ур чадвар шаарддаг гэлээ. Энэ талаар тодруулбал?
-Найрал дуучдаас гадна хөгжимчид ч өргөн бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Тиймээс бид үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 10 үлээвэр хөг жимчин бүрэлдэхүүндээ оруулж тоглохоор бэлдэж байна. Удирдаачаас ч гэсэн их хүч шаарддаг гэдгийг одоо л ойлгож байна.
-Нээлтийн тоглолтыг хэн гоцлох вэ?
-Нээлтийн тоглолтод хэн дуулахыг сонгоно гэдэг сансарт хүн нисгэхтэй ижил. Бэлдэж бэлдэж тоглолтын өмнөх өдөр найруулагч, удирдаач хоёр хэнийг эхний тоглолтод оруулахаа шийддэг. Концертийн хэлбэрээр тоглоход дуулсан гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ч.Түмэндэмбэрэл, Р.Доржхорлоо, Б.Алтанхуяг нар эхний бүрэлдэхүүнд байгаа. Хоёрдугаар бүрэлдэхүүнд Ш.Наранчимэг, СУИСийн оюутан Б.Гомбо-Очир, М.Дариймаа, Э.Амартүвшин нар дуулна.
Ж.СЭЛЭНГЭ