Эсгийгээр хийсэн гэрлийн бүрхүүл, сандал гэхээр уйтгартай, магадгүй хэрэглэх боломжгүй мэт төсөөлөгдөж байна уу? Нүүдэлчдийн хэдэн зуун жил хэрэглэж ирсэн эсгийг уран бүтээлчид хэний ч нүд, сэтгэлийг булаах урлагийн бүтээл болгожээ. Эсгийгээр хийсэн интерьерийн бүтээлүүдээс гадна сийлбэр, керамик, уран зураг, баримал зэрэг 70 гаруй бүтээл дэлгэсэн “Interior accessories” үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зургаан хоног үргэлжилсэн.
Гэрийн эзнийхээ мөрийг түшиж, нөмөр нөөлөгт нь багтсан гэргий болон хоёр хүүхдийг дүрсэлсэн “Аав” нэртэй сийлбэр, ханын эсгий зураг, Бөртэ чоно, Гоо маралын баримал гээд уг үзэсгэлэнд дэлгэсэн бүх бүтээл үзэгчдийн таашаалд нийцэж байв. Уран бүтээлчид бүтээлүүдээ зүгээр нэг өлгөөд орхиогүй, тавилга сэлттэй хослуулан интерьерийн бичил орчин бүрдүүлснээрээ “Interior accessories” үзэсгэлэн шинэлэг, сонирхолтой болсон. Тэнд дэлгэсэн бүтээлүүдийг дуудлагаар худалдах “Арт коктейль Аукцион”-ыг өнгөрсөн лхагва гаригт зохион байгуулсан юм.
Харамсалтай нь зохион байгуулагчдын туршлага дутсан, эсвэл дуудлага худалдаанд манайхан оролцож сураагүй, дадаагүй болоод ч тэр үү, худалдан авагч ирсэнгүй. Мөн бүтээлүүдэд анхны үнэ тогтоогоогүй, зах зээлд борлуулдаг үнээсээ дээш дуудахаар тавьсныг тэнд ирсэн хүмүүс шүүмжилж байгаа сонсогдсон. Энэ удаа бүтэлгүйтсэн уран бүтээлчид дараа жил “Арт коктейль Аукцион”-ыг илүү туршлагатай, зохион байгуулалттайгаар хийнэ гэж амласан. “Interior accessories”-ийг зохион байгуулсан зураач, керамик урлаач Д.Отгонбаяраас сэтгэгдлийг нь сонслоо.
-Сонирхолтой, гоё үзэсгэлэн гаргасанд баяр хүргэе
. -Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгаад баярлаж байна. Цаг үеэ олсон, дутагдаж байсан үзэсгэлэн болсон гэж олон хүн хэлсэн.
-Яагаад дуудлага худалдаа амжилттай болсонгүй вэ?
-Энэ дуудлага худалдааг анхнаасаа төлөвлөөгүй. Бүтээлээ дэлгэж, зураач үзэгчдийн уулзалт хийхийг зорьсон. Үзэгчид бүтээлүүдийг их сонирхож байсан болохоор дуудлага худалдаа хийхээр шийдсэн. Богино хугацаанд шийдсэн болохоор хүмүүст мэдээлэл хүрээгүй байх. Бидний туршлага дутлаа. Дуудлага худалдаа хийхийн тулд нэлээд хугацаа хэрэгтэй юм байна
-Бүтээлүүдийн анхны үнэ өндөр байна гэж хүмүүс ярьж байна билээ?
-Дахин давтагдахгүй урлагийн бүтээл ийм л үнэтэй байдаг. Бидний зарим бүтээлийг дуудлага худалдаа гэлгүйгээр худалдаж авах санал ирсэн. Худалдан авч байгаа хүмүүс тийм үнэтэй байна гээгүй.
Х.УЯНГА