Удаан хугацаанд сураг нь сонсогдож, хүлээлт үүсгээд байсан “Авьяаслаг монголчууд” шоуны шалгаруулалт өчигдөр эхэллээ. Шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтын эхний өдөр олон оролцогч ардын урлагийн үзүүлбэр үзүүллээ.
Зарим нь шүүгчдээс өндөр үнэлгээ авч дараагийн шатанд тэнцсэн бол нэг хэсэг нь өөртөө итгэлтэй байдлаараа илүүрхэн, шүүгчидтэй “тэрсэлдсээр” тэнцсэн юм. Тухайлбал, 07 дугаартай оролцогч Л.Даваажамц “Адуучин миний жаргал” дуу дуулахад шүүгчид ар араасаа зогсоох хонх дарсан. Тэрбээр шүүгчдээс ирсэн “дайралт”-ыг тоолгүй дуулсаар үзэгчдийн дэмжлэг авч, хоёрдугаар шатанд орох эрх авлаа.
013 дугаартай Ц.Шинэбаяр мөн ийм байдлаар тэнцсэн. Авьяасаа хүмүүст үзүүлэх, өөрийгөө сорих хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй энэ шоунд бүжиг, beatbox хослуулсан 8-9 настай хөвгүүдийн хамтлаг, ардын дууг орчин үеийн хэв маягаар дуулсан гурван бүсгүй гээд сонирхол татах авьяастан олон байна лээ.
Гурван шүүгч ч дутагдлыг шүүмжлэх хатуу үг, авьяасыг өнгөлөх урмыг харамгүй өгч байсан. Сонирхолтой, үзүүштэй зүйлээр дүүрэн шоу удахгүй цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрнэ. Тэр үед бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Уг шоуг “Боловсрол суваг”, “NTV”, “SBN” телевиз хамтран зохион байгуулж, хүч хавсран ажиллаж буйгаараа илүү өргөн хүрээ хамарч байгаа юм.