“Женерал Электрик” (GE) гэж дэлхий андахаа байсан аварга компани бий. Чийдэнгийн “эцэг” гэгдэж хүн төрөлхтний түүхэнд үлдсэн Америкийн нэрт зохион бүтээгч Томас Эдисон 1890 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус компани ихэд тэнхээ сууж, үйл ажиллагаа нь тэлсээр олон салбарт хүч үзэх болсон бөгөөд эрчим хүч, эмнэлгийн тоног төхөөрөмж, онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохих болж.
Ялангуяа эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж нь одоо манай гаригт тэргүүлж байна. Боинг, Аэробус нисэх онгоц үйлвэрлэдэг шилдэг компаниуд л гэхэд гагцхүү “Женерал Электрик”- ийн хийсэн хөдөлгүүрийг ашигладаг байна. Өдгөө энэ компани дэлхийн 100 гаруй улсад салбартай, 305 шахам мянган ажилтантай болжээ. 2009 оны байдлаар 157 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан байна.
Энэ компани болон Монголын “Ньюком” групп хамтдаа бизнес хийх боломж хайж буйгаа 2010 оны есдүгээр сарын 22-нд нийтэд зарлаж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэгээд “Женерал Электрик” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор өчигдөр эхлүүлж, суурин төлөөлөгчийн газраа нээлээ. Монгол дахь түншээрээ “Ньюком” компанийг сонгожээ.
Тэд эрчим хүч, иргэний агаарын тээвэр, эрүүл мэнд, төмөр зам, усан хангамж, уул уурхай болон санхүүгийн үйлчилгээ зэрэг эдийн засгийн гол салбаруудад урт хугацааны түнш байх үндсэн чиглэл, зарчмаа тогтжээ. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн дистрибьютерийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи Монголын зах зээлд орж ирэх боломжтой болж байгаа юм.
Эдгээр арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Болд нарын хүмүүс оролцлоо.
Р.ЖАРГАЛАНТ