Хотод өссөн 10 настай хүүгээс “I Phone, аргал, notebook, хоргол, кофе, хомоол гэж мэдэх үү?” гэж асууя. Тэд нэг, гурав, тав дахь эсвэл хоёр, дөрөв, зургаа дахь үгийн алийг нь илүү сайн мэдэх бол? Үүнд хариулт өгөх үзэсгэлэн Занаду арт галерейд өчигдөр нээгдлээ. Галерейгаас танил, гэхдээ мартагдсан үнэр ханхална. Энэ бол аргал. Уран барималч Д.Батхолбоогийн тодорхойлсноор “баримал”. “Аргалын утаа боргилсон Малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа Өлгий минь гэж боддог...” гэсэн мөрт эрхгүй санаанд оров. Аргалаар бүтээсэн өөр хоорондоо уялдаа холбоотой 10 гаруй бүтээлийг танхимд байрлуулжээ.
Бүтээл бүрийн дор “Таван улирал”, “Хоёр дөрвөлжин”, “Гурван сар нэг улирал”, “Өвс-ус үүсэх хэлбэр”, “1х51 буюу элч” зэрэг өвөрмөц нэр дурайна. Түүний уран бүтээлийн хэлбэрийг дүрслэх урлагийнхан инстоляци монголоор орчуулбал өрөг урлаг хэмээн тодорхойлдог. Д.Батхолбоо бүтээл хийх материал, санаагаа удаан хугацаанд эрэлхийлж, он гарснаас хойш бүтээлүүдээ урлажээ. Буган хөшөө, хүн чулуу ч гэсэн өрөг урлагийн нэг төрөл аж. Тиймээс өрөг урлагийн бүтээлүүд орон зайд хэрхэн байрлаж, үзэгчид юуг мэдрүүлэх нь чухал.
Занаду арт галерейг сонгон бүтээлээ байрлуулсан нь ч үүнтэй холбоотой. Барималч Д.Батхолбоогийн өвөг дээдэс нь Сүхбаатар аймгийнх. Хөдөө хонь хурга хариулж, морь унаж өсөөгүй ч тэрбээр аргалыг бүтээл болгосон нь монголчууд уламжлал, түүхээ умартаад хэдхэн зууны дотор бий болсон орчин үе рүү хэт тэмүүлээд байгааг сануулахыг хүссэн аж. Аргал, эсгий, мод зэргийг ашиглан холимог техникээр бүтээсэн “Өвс-ус” үзэсгэлэн 10 хоногийн турш Занаду арт галерейд үзэгчдээ угтах юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ