Их гүрний түүхэн дэх цуутай гүнж Дианагийн хуримыг баярын нулимстай үзсэн есөн настай охин, эндээс буцахад нь гуниг дүүрэн үдсэн Кэйт Миддлтон одоо “дэлхийн гүнж”- ийн орыг залгахаар даашинзаа зэхэж сууна. Иргэн Кэйт Миддлтон байх хугацаа гурав хоногийн дараа дуусна, аргагүй тэр догдолж байгаа. “Язгууртан бий болдоггүй, төрдөг юм”. Хачин хуучинсаг энэ үзлийг сөрөх хүндхэн даваа Баклберигийн байдаг л нэг охин Кэйтэд ирэв.
1660 онд II Жэймс хаантай гэрлэсэн цор ганц язгууртан бус эмэгтэй Анне Хайдын түүхийг давтаж, Английн Хаант засгийн түүхэн дэх хамгийн хөгшин бэр болсон Кэйт Британийн агаарын тээврийн нисгэгч Майкл Фрэнсис Миддлтон, онгоцны үйлчлэгч Кэрол Элизабет нарын ууган охин, Пиппа, Жэймс хоёрын эгч. Бас Уильямын гэргий, удахгүй Английн гүнж, хатан хааны титэм ... Яг л Диана шиг. Хүн бүр л түүнийг Диана гүнжтэй нэг жинлүүрт тавиад харьцуулан сонжиж байна.
Нэгэн цагт тэр эмэгтэй Кэйтийн шүтээн байсан шүү дээ... Дианаг бодвол тэр хаалттай хүн. Шар хэвлэлүүд намтар, түүхийг нь элтэл эргүүлсэн ч өлгөөд авчихмаар эрээн толбо олоогүй л байна. ABC телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр “Би биш, намайг сонгосон Уильям азтай” гэж эр нөхрөө улайтал хэлсэн зоригтой эмэгтэй шүү, тэр. 200 долларын тасалбар авч, Сент Эндрюгийн их сургуулийн “Загварын шоу”-г үзэж суусан Уильямын өмнө бикини өмсөж гунхсан түүх ч бий. Эмэгтэй хүний насыг хэлбэл эгдүүцэж мэднэ.
Ямартай ч тэр Уильямаас зургаан сараар эгч. Сургуулийнхаа өндрийн харайлтын дээд амжилтыг тогтоосон, сагсны шигшээ багийн гишүүн, Сент Эндрюгийн их сургуулийн шилдэг оюутан удахгүй гүнж болох нь. Тэр хаалттай хүн гэж дээр хэлсэн дээ. Зургаан жилийн турш гүрнийхээ ирээдүйн удирдагчтай болзсон нууцыг нь сэтгүүлчид 2006 онд л илрүүлсэн гэдэг. Сонин байгаа биз. Энэ хугацаанд тэр “Жигсав” үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагч хийдэг байж. “Гүнж нарын намтрын загварт нэг л нийцэхгүй дэг ээ”.
Англичууд энэ бодлоо мартаад энэ сарын 29-нийг хоног тоолон хүлээж суугаа. Ганц тэд биш, дэлхий даяар догдолж байгааг цахим хуудсаар түүний тухай мэдээлэл хамгийн эрэлттэй болсноос харж болно. Кate Middleton, Кэйт Мидллтон... Английн үе үеийн гүнж нарт тогтсон шалгуур бий. Тэд загварын түүчээ байх ёстой. Хайдаас Диана гүнж хүртэл энэ шалгуур мөрдөгдөж, тэдний өмссөн хувцас бүр тухайн цаг үеийнхээ загварын чиг хандлагыг илтгэдэг байв.
Энэ үүрэг өдгөө иргэн Кэйтэд ирсэн. “Яг Кэйтийнх шиг...” гэх үг Лондоны дэлгүүрүүдээр нисэж, загварын сэтгүүлүүд түүний патиараар мөнгө олж байна. Өөр юу хэрэгтэй юм бэ? Гэхдээ тэр уламжлалт хэв маягийг илүүд үздэг учраас хааны ордны дэг, “Гүнжийн гарын авлага” зэрэгтэй төдийлэн тэрсэлддэггүй. Бас брэнд гэж цэмцэгнэдэггүй нь англи хатагтай нарын хэтэвчинд тун ч ээлтэй тусч байна. Энгийнээс энгийн байх тусам л түүний үнэ цэнэ өсөж, бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнт гүнжийн тоонд багтав.

Төрөөгүй, бий болсон язгууртан Кэйт.Кэйтийг “өмчлөх” саналаа Уильям аавд нь дуулгахад товч бөгөөд тодорхойгоор “Үгүй” хэмээсэн байдаг. Ээж нь ч бас эргэлзэж буйгаа хэлж. “Надад ч бас олон анхаарал, асуултын тэмдэг байсан. Гүнж болно гэдэг бодож, төсөөлдөг шиг амархан зүйл биш шүү дээ” хэмээн Кэйт ярьсан удаатай. Уильям харин уйгагүй нэгэн. Хоёрын зэрэг “үгүй”-г үл харгалзан, гурвын гурван толгойг эргүүлж чадсан байгаа юм. Хааны гэр бүлтэй танилцсан анхны уулзалтынхаа тухай Кэйт “Би тэвчээртэй хүн.
Ямар ч зүйлд бэлтгэлтэй байдаг гэж боддог ч тэр өдрийн өмнөх орой ёстой л... бурхан минь би хэзээ ч үүн шиг сандарч байгаагүй. Гэтэл хааны гэр бүл биш хадмууд маань надтай гар барьсан” гэж байв. Уильям, Кэйт хоёрын харилцааг дэлхий даяар мэдсэнээс хойш тэд үерхлээ цуцлах шийдвэрт хүрч байсан удаатай. Хосуудын харилцаанаас бус, бүхний танил болоход Кэйт бэлэн байгаагүйд л асуудлын гол байв. Гэсэн ч дөрвөн сарын настай салалтын дараагаар Уильям үе залгамжилсан хуримын бэлзгийг Кэйтийн хуруунд зүүх шийдвэр гаргажээ.
Хунтайж Чарльз, Диана гүнж нарын дуулиант хуримын өдөр бүсгүй болгон төсөөлөл дотроо гүнжийн дүр бүтээсэн байх. Кэйт ч бас. Гэтэл төсөөлөлтэйгээ гэнэт нүүр учрахад түүнд амар байгаагүй тухай “Telegraph” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг. “Алдах эрхгүй, үргэлж үлгэр жишээ байна гэдэг бодсон шиг амархан биш гэдгийг би ойлгосон. Гэхдээ өмнөх үеийн гүнж нар даваад л ирсэн. Би бэлэн байна” хэмээн зоримог хэлсэн шүү, Кэйт.
Ж.Тэгшжаргал