Ирландын тэнгисийн Кардиганы хойгт ажиллаж байсан Британийн судлаачид далайн гахайнууд бөмбөгөөр наадаж байхтай таарчээ. Хүнээс дутахааргүй ухаантай гэгддэг тэдгээр амьтны наадаж байсан бөмбөг гэдэг нь угтаа далайн нялцгай биет медуза буюу мөгөөрс байжээ. “Хөлбөмбөгчид”-ийн нэг нь мөгөөрсийг хошуугаараа мөргөж усны гадаргууд гаргаж, нөгөө нь тосож аван “хаалгач”-даа дамжуулах маягаар “тэмцээн” явагдсан хэмээн багийн гишүүд ярьжээ.
Хамгийн сонирхолтой нь далайн гахайнууд тоглолтын туршид “бөмбөг”-өө сольж, хэд хэдэн зүйлийн мөгөөр сөөр наадсан гэнэ. Судлаач Жонатан Истер “Далайн гахайнууд тун хөгжилтэй байсан. Олон удаа далайд гарсан бид өмнө нь ийм зүйл хараагүй. Хэзээнээс эхэлж ингэж тоглодог болсныг нь тогтоох хэцүү. Магадгүй хэдэн зуун жилийн тэртээгээс уламжлагдсан тоглоом нь ч байж мэднэ” хэмээжээ.
Э.ХАНА