70 сая жилийн өмнө амьдарч байсан аварга биет амьтны нууцыг тайлсан тухайгаа Охиогийн их сургуулийн эрдэмтэд өчигдөр мэдээллээ. 2006 онд Монголд хийсэн хайгуулын үр дүнд хоёр настай тринозаврын гавлын ясыг олсон бөгөөд бага насны үлэг гүрвэлийн олдвор эрдэмтдийн судалгаанд багагүй тус болжээ.
Монгол, Япон, Америкийн эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний багийнхан эл судалгааг хийсэн бөгөөд ахлагч Лауренс Уитмер “Тринозавр бол хамгийн өргөн тархсан 30 гаруй зүйлтэй үлэг гүрвэл байсан. Тийнхүү урт удаан хугацаанд амьдарч чадсан амжилтын нууцыг бид тайллаа. Энэ төрлийн үлэг гүрвэлүүдийн хоол хүнс нь насны ангиллаас шалтгаалан өөрчлөгддөг байжээ. Тиймээс хоолоо булаацалдан хоорондоо тэмцэлддэггүй нь олон сая жил оршин тогтнох гол нууц нь байж” хэмээн ажлын үр дүнгээ товч тайлбарлажээ.
Бяцхан тринозаврын 28.9 см урт гавлыг нас бие гүйцсэн үлэг гүрвэлүүдтэй харьцуулсан зураг болон судалгааны ажлын үр дүнг “Сээр нуруутан амьтдын палентологи” сэтгүүлд нийтэлсэн байна. Японы судлаачдын олсон тринозаврын араг яс бараг бүтнээрээ байсан бөгөөд хайгуулын багийн ахлагч Махито Ватабэгийн өгүүлснээр хүзүү болон сүүлний үе л байхгүй байсан гэнэ. Тиймээс дунд чөмөгний ясанд нь дүн шинжилгээ хийсний эцэст судлаачид уг гүрвэлийг хоёр настай, 31.7 кг жинтэй, 2.7 метр урт байсан хэмээн тодорхойлсон байна.
О.УНДАРМАА