Дуурь бүжгийн эрдмийн театр 1963 онд Хөгжимт драматик театраас өрх тусгаарлажээ. Төв хорооны тогтоол тавдугаар сарын 10-нд гарсан ч уран бүтээлээ 15-нд эхлүүлсэн учраас энэ өдрийг ДБЭТ-ын төрсөн өдөр хэмээн хэлж болно. Театрын 48 дахь төрсөн өдрийн онцгой бэлэг нь “Ламбугайн нулимс” байх нь. 25 жилийн өмнө анх тоглож байсан энэ дуурийн хөгжмийг Х.Билэгжаргал бичсэн. Цомнолыг нь их зохиолч Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан юм.
Тасралтгүй 25 жил тоглосон энэ дуурийн хувцас хэрэглэл болон тайз заслын хэрэгсэл нь муудсан тул энэ жилийн тоглолтын өмнө гоцлоочдын хувцсыг шинэчилж байгаа юм байна. Мөн ДБЭТ-ынхан урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганыг урьж “Ламбугайн нулимс” дуурийг шинэчлүүлж байгаа. Үндэсний дуурийн ноён оргилын тоонд зүй ёсоор багтдаг энэ бүтээлийг эмгэнэлт, инээдмийн шинжийг хослуулсан төгс бүтээл хэмээн үздэг. Зарим талаар Ж.Бизегийн “Кармен”-тай ч адилтгах нь бий. Тиймээс энэ дуурь ДБЭТ-ын тайзнаа олон жил эгшиглэж, монголчуудын нэрийн хуудас болох учиртай.
Шинэчлэн тавих ажлыг театрын уран бүтээлчид санаачлан “Х.Билэгжаргал сан” дэмжин хувцсыг нь хийж байгаа. Харин зураач Т.Аянга аавынхаа дурсгалд зориулан тайзыг анхны хэлбэрээр нь дахин бүтээж байна. Түүний аав Б.Төмөрхуяг энэ дуурийн тайзны зураачаар ажиллаж байсан юм билээ. Энэ удаа дуурийн гол дүрд Ө.Уянга, Т.Амартүвшин нарын залуу дуучид тоглоно. Түүнчлэн ДБЭТ-ын удирдлагууд гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй “Ламбугайн нулимс” дуурийг ирэх улиралд гаднын удирдаачаар дохиулахаар төлөвлөж буй гэсэн.
Ж.СОЛОНГО