АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эмээг цагдаагийнхан хамгаалалтдаа авсан тухай “Интерфакс” мэдээлжээ. Өдгөө 88 настай Сара Обама Кенид амьдардаг. “АльКаида”- гийн толгойлогч Осама бин Ладеныг Америкийн цэргүүд устгаснаас хойш лалын хэт даврагчид түүний өшөөг авч магадгүй гэсэн таамаглал газар авсан билээ.
Сомалид үйл ажиллагаагаа явуулдаг “Аш-Шабаб” бүлэглэлийнхэн Сара Обама болон түүний гэр бүлийнхнийг устгана гэж заналхийлсэн байна. Одоогийн байдлаар тэдний гэрийн гадна буутай цэргүүд зогсож, Сара Обамаг гэрээс гарах үед нь хамт явж байгаа гэнэ.
Дашрамд хэлэхэд, “Аль-Каида”-гийнхан Барак Обамаг устгах зорилготой халдлага зохион байгуулах гэж байсан хэмээн Их Британийн “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ.
Америкийн тусгай албаныхан Осама бин Ладены хувийн тэмдэглэл, компьютер зэргийг олсон бөгөөд тэндээс олдсон баримтад тулгуурлан ийн дүгнэсэн аж.