Суут эрдэмтэн Исаак Ньютон найз Уильям Стаклигийн хамт нэгэн алимны модны дор сууж, цай уунгаа таталцлын хуулийн талаар ярилцаж байтал санаандгүй нэг алим толгой дээр нь унасан нь шинжлэх ухаанд том нээлт болсон түүхтэй. Алим доошоо эгц, шулуун чиглэлтэй унасан нь Ньютоны сонирхлыг татаж, таталцлын хуулийг нээх үндэс болжээ.
Агуу нээлт хийхэд тусалж, алимаа унагасан мод өдгөө Их Британийн Линкольншир гүнлэгт бий. Тэрхүү алимны модыг үзэхээр жил бүр 33.000 хүн тус гүнлэгийг зорьдог байна. Энэ нь нэг талаар сайхан ч модны ойр орчмын хөрсийг бохирдуулж байгаа нь соёлын өвийг хадгалагчдын санааг зовоож буй гэнэ. Тиймээс тэрхүү модыг үхүүлэлгүй хадгалан үлдээхийн тулд хамгаалалтдаа авч, бат бөх хашаа татахаар болжээ.
Дашрамд дурдахад, тэрхүү алимны түүхийн тухай дэлгэсэн Уильям Стаклигийн гар бичмэлийн хуулбарыг Их Британийн Хааны нийгэмлэг өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм.
Б.ОЮУТАН