Олны танил, од болох нууцхан хүсэл охид, залуус бүрт бий. Үнсгэлжингийн үлгэр биелэх мэт ийм мөрөөдлийг биелүүлдэг телевизийн шоу нэвтрүүлгүүд арав гаруй жилийн өмнөөс үзэгчдийг байлдан дагуулах болсон. “American Idol”, “X factor” зэрэг дэлхий нийтийн хүртээл болсон нэвтрүүлгүүдээс “Making the band” реалити уран бүтээлчдийн шоу бизнесийн ертөнцөд хөл тавьж буй явцыг нэгбүрчлэн харуулж, тайзны ар дахь амьдралыг дэлгэдгээрээ онцлогтой. Баруунд төдийгүй Солонгост ч эрчээ авсан энэ төрлийн нэвтрүүлгийг Монголд зохион байгуулсан “25 дугаар суваг” телевиз, “Up music” продакшны хамт олон ямар “бүтээгдэхүүн” бэлдсэнээ тайлагналаа.
Хавар эртийн цагаар дэлбээлдэг энхрий цэцгээр хамт лагаа нэрлэсэн охидын анх ны уран бүтээл болох “Хаврын анхны хайр” гэх дууны клипийн нээлт өчигдөр боллоо. Охидын гэх тодотголтой цөөн хэдэн хамтлагийн уран бүтээлчид нас ахихын хэрээр өсвөр насныхан, хүүхэд залууст зориулсан дуу дуулдаг уран бүтээлч үгүй болсон өнөө цагт үе тэнгийнх нь охидын дууг үзэгчдийн сонирхол татахуйц өнгө, загварын содон шийдэлтэйгээр “Wanted” продакшныхан бүтээжээ. Анхны клипээ өлгийдөн авсан “Anemone” буюу “Яргуйжин” хамтлагийнхныг танилцуулъя.
-Нэвтрүүлэгт оролцохоор шалгуулж байснаас хойш хоёр сар өнгөрлөө. Энэ хугацаанд та нарын хувьд хэр их өөрчлөлт гарсан бэ?
Жулия: Бид анх зөвхөн од болно гэсэн дэврүүн сэтгэлээр л нэвтрүүлэгт шалгуулж, тэнцсэнийхээ дараа ч тэгж л хандаж байсан. Харин одоо бол од биш энгийн л уран бүтээлч болохын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулдгийг зах зухаас нь ойлгодог болсон. Одоо тэр үеийн бичлэгээ харахаар ичмээр санагддаг.
Цэнгэлэн: Бие даан уран бүтээл туурвиж байгаа хамтлаг, дуучид хоёр жил хөдөлмөрлөж байж анхны клипээ гаргах нь ч энүүхэнд. Тэдэнтэй харьцуулахад бид ердөө л хоёр сарын дотор клипээ гарган, үзэгчдэд толи - луулсан азтай охид. Бидний өмнөөс бүх ажлыг маань амжуулж, ердөө л дуулж, бүжиглэхдээ л анхаарал хандуулах боломж олгож байгаа болохоор тэр. Өмнө нь бид бусадтай адил жирийн л оюутан охид байсан. Харин одоо зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэсэн тэмүүлэлтэй хамтлаг болон өөрчлөгдсөн.
-Анх төсөөлж байснаас дуу дуулах, хамтлаг байгуулах ажил өөр байна уу?
Цэнгэлэн: Тийм ээ. Өмнө нь дуу дуулна, клип хийлгэнэ гэдэг тийм ч хэцүү биш юм шиг л санагддаг байлаа. Яг өөрсдөө хийх үед л хүнд хэцүү гэдгийг нь мэдэрдэг юм байна. Жанна: Нэг дуу бүтээхийн тулд хөгжмийн зохиолч, яруу найрагч гээд бусад уран бү - тээлчийн хөдөлмөрөөс гадна зөвхөн бид дуулахын тулд эхний хэдэн өдөр дуугаа сурна, дараа нь өөрсдийн болгоно. Тэр бүхний эцэст л бичүүлнэ.
-Дуунууд нь сонсогчдын хүртээл болж, “Anemone” хамтлагийн охид тодор хой хэмжээгээр олонд танигдчихлаа. Энэ бүхнийг их хэл ам, бас хариуцлага дагах нь мэдээж. Тэр бүхнийг урьдчилан төлөвлөж, сэтгэл санааны бэлтгэлтэй байж чадсан уу?
Жанна: Дуучид, хамтлагийн гишүүд гэдэг зөвхөн дуулах биш, үйл хөдлөл бүр нь үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ хугацаанд ойлголоо. Нэвтрүүлгийг маань олон хүн үзэхийн хэрээр элдэв яриа ч их тархсан. Тэр бүхэнд сэтгэл өвдөж шантрах үе ч байсан. Дуучин хүний хувьд шүд гэдэг хамгийн чухал эрхтэн. Өмнө нь засуулъя гэж бодож байсан боловч тэр бүр боломж гардаггүй байсан тул элдэв ярианд шантрахын оронд шүднийхээ гажгийг засуулахыг урьтал болгосон.