“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “Царай муутайчуудын клуб” байгуулсан гэх мэдээлэл гарчээ. Тиймээс өөртэй нь утсаар холбогдож клубийнх нь талаар тодрууллаа.
-Сайн байна уу, Ганхүү ах аа. “Утасны анд” байна. Таныг “Царай муутайчуудын клуб” байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа гэх сураг сонслоо. Танай клуб ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Клуб байгуулах нь ч юу юм бэ, энэ бол “Facebook” дэх наргиа төдий. “Facebook”-ийг ашиглан хөгжилтэй, сонирхолтой зүйл хийж болдгийг чи мэдэх байх.
-Гэхдээ танай клубт элссэн 4000 гаруй хүн таныг тэргүүнээ гэж итгэдэг юм билээ.
-Тийм үү, энэ бол наргиа, тоглоом шахуу зүйл гэдгийг хэлье. Гэхдээ “Facebook” дэх уг клубт нэгдсэн залуучууд надтай уулзаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулбал ямар вэ гэсэн санал гаргасан юм. Тэд намайг бодвол царайлаг, сайхан залуус байна билээ. (инээв)
-“Facebook” дэх танай клубийн мэдээлэлд “Дэлхий дээрх хүн бүр царай муутай, харин тэднээс арай илүү инээмсэглэж чаддаг нь л сайхан харагддаг” гэж бичсэн байна билээ. Таны бодлоор царайлаг хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Би ямар миссийн тэмцээнд орох гэж байгаа биш. Царайлаг байхын тухай ярих юм алга. Ер нь гадаад үзэмж гэдэг тийм ч шийдвэрлэх хүчин зүйл биш. Тухайн хүний сэтгэл, тархи л царайлаг байвал боллоо доо.
-Таны сэтгэл болон тархи хэр царайлаг вэ?
-Энэ үнэлэмжээр яривал би нэлээд царайлагт орно шүү. Өчигдрийн байдлаар “Facebook” дэх түүний клубт 4422 хүн нэгдсэн байна. “Манай клуб яг танаар дутна. Тийм ээ, яг танаар. Өөр тийшээ хараад байх юмгүй ээ, танд хэлж байна” хэмээн уриалсан тус клубийнхэн “Twitt&Twist” арга хэмжээний үеэр уулзалт зохион байгуулжээ. Сонирхуулахад уг клубт “Хэцүү анги” киноны Билгүүний дүрд тоглосон М.Наранмөнх, “Гурван охин” хамтлагийн Соко нар нэгджээ.