Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг болжээ. Олон улсын музейн зөвлөлд манай улс 1997 онд нэгдсэнээр эл өдрийг өргөн тэмдэглэх болсон. Өдгөө тус зөвлөлийн гишүүн 150 гаруй оронд олон улсын музейн өдрийг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг аж.
Энэ жил “Музей ба дурсамж” сэдвийн дор тэмдэглэж байна. Дэлхийд алдартай зарим музей, галерей жил бүрийн тавдугаар сарын 18-нд 24 цагийн турш төлбөргүй үйлчилдэг жишигтэй. Манай музейнүүдэд ч ийм үйлчилгээ бий. Тухайлбал, Монголын үндэсний музей өнөөдөр нийтэд үнэ төлбөргүй үйлчлэхээс гадна “Эх түүх, эх соёл” өдөрлөг болно. Урлагийн тоглолт болон “Үндэсний музейн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн, “Монголын музей ба дурсамж” тааварт тэмцээнийг нэгтгэсэн өдөрлөг 14.30 цаг хүртэл үргэлжилнэ.
Мөн Чойжин ламын сүм музей үдшийн 23.00 цаг хүртэл үүдээ нээлттэй байлгаж, үйлчлүүлэгчдийг угтах гэнэ. Голын ногоон сүм буюу Чойжин ламын сүм музейд уран барилга судлаач Б.Даажав “Чойжин сүмийн барилга” нэртэй уулзалт зохион байгуулна. Мөн үеэр тус музейд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Музей ба хайрцаг” танин мэдэхүйн үйл ажиллагаа болно. Тэгвэл Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд ахмад зураач, урчуудын “Өндөр хоршоо ба уран барилгын дурсгал” уулзалтыг уржигдар зохион байгуулжээ.
Харин өнөөдөр тус музейд Олон улсын музейн өдрийн арга хэмжээний нээлт болох юм. Энэ өдрийг тохиолдуулан Байгалийн түүхийн музей үндсэн үзмэрүүдээр үйлчлэхээс гадна “Цэцэгчний дурсамж” уулзалт зохион байгуулж, тасалгааны цэцгийн үзэсгэлэнг олонд дэлгэнэ. Театрын музейн хамт олон энэ өдөр “Музейн өнгөрсөн ба одоо” бэсрэг үзэсгэлэн толилуулахаас гадна “Музей байгуулсан түүхээс” ахмад ажилтнуудын дурсамж уулзалт зохион байгуулна. Монгол цэргийн музейгээр орвол “Музей ба хүүхэд” гар зургийн уралдааны шилдгүүдтэй уулзах боломжтой.
Мөн цэргийн дүрэмт хувцас өмсөж зураг авахуулах боломж олгох юм билээ.
Ж.СОЛОНГО