Боснийн үзэсгэлэнт бүсгүй, серби залуугийн дурлалын түүхийг өгүүлсэн “In the Land of Blood and Honey” нэртэй дэлгэцийн бүтээл ирэх арванхоёрдугаар сарын сарын 23-нд нээлтээ хийх аж. 1992-1995 онд болсон Босни, Сербийн дайны тухай хөндсөн уг киноны найруулагчаар жүжигчин Анжелина Жоли ажиллаж, Грэм Кингийн “GK Films” студид бүтээж байна.
Энэ тухай Каннын кино наадмын үеэр мэдээлжээ. “Дайн дажин хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг харуулахыг хүссэн. Гол дүрд Босни, Герцеговиний чадварлаг жүжигчид тоглож байгаа. Тэдэнтэй ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн Анжелина Жоли ярьжээ. “Найруулагчийн ажил намайг гижигдэх болсон” гэж өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлж байсан тэрбээр 2007 онд “A Place in Time” баримтат киноны найруулагчаар ажиллаж байсан туршлагатай. “In the Land of Blood and Honey” бүтээл нь түүний хувьд уран сайхны анхны кино юм.
Дашрамд дуулгахад, тухайн үеийн ХБНСЮУ-д харьяалагдаж байсан Босни, Герцеговин улс 1992 онд салан тусгаарласнаар дайн эхэлсэн юм. Боснийн мусульман шашинтнууд буюу бошнякууд, серб болон хорватчуудын дунд өрнөсөн дайн 1995 он хүртэл гурван жил үргэлжилж, албан бус тоогоор 100.000 гаруй хүн амиа алдсан гэдэг. Энэ дайнд охид, бүсгүйчүүд хамгийн их золиос болсон гэсэн.