Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хойд дүрийг Төвдийн төв хийдээс тодруулсан тухай мэдээлэл гарсныг Равжаа судлаач Л.Одончимэдтэй холбогдон лавлалаа. Тэрбээр “Урьд нь хутагтын хойд дүр Өмнөговь болон Өвөрмонголд тодорлоо гэсэн худал мэдээлэл гарч байсан. Энэ удаагийнх ч ээлжит дуулиан байх.
Хутагтын хойд дүр тодруулна гэдэг их нарийн ажил байдаг юм . Энэ талаар тахилч л сайн мэднэ дээ” гэв. Догшин хутагтын эдэлж хэрэглэж байсан зүйлийг хадгалж, захиас үгийг сонсож үлдсэн, нэг үгээр хэлбэл, хойд дүрийг нь тодруулах үүрэг хүлээсэн хүнийг тахилч гэдэг юм. Тахилч хүн насныхаа эцэст итгэл хүлээлгэсэн хүүдээ Догшин хутагтын хойд дүрийг тодроход үзүүлэх гурван зүйл, асуух гурван зүйлийг зааж өгч, энэ албаа шилжүүлэн үлдээдэг аж.
Тахилч хэмээх албыг үе залгамжлан хашиж байгаа З.Алтангэрэлээс энэ талаар тодруулахад, “Догшин хутагтын хойд дүрийг дурын нэг төвд хүн тодруулчихгүй. Хутагт хэзээ, хаана төрөх, яаж тодрохоо хэлж үлдээсэн. Ер нь хойд дүр төрсөн бол эдлэл хэрэглэлээ хайж, нэхэж, авьяас билиг нь бусдаас ялгаран тодорно. Бусдаас онцгойрон ялгарч, шинж тэмдэг нь таарсан хүнд үзүүлэх зүйлээ үзүүлж, асуух зүйлээ асууж тодруулах ёстой” гэсэн юм.
Х.УЯНГА