Арлын Япон тэр ч байтугай Америкийн амьтны хүрээлэнд монгол ингэ ботголсон нь цөөнгүй хүний анхаарлыг татаж байсан. Тэгвэл Оросын Екатеринбург хотынхны сонирхлыг Роман Романич нэрт тэмээ татах болсныг “Ночный новости” агентлаг мэдээлжээ.
2010 оны наймдугаар сард “цагаачлан” очсон тэмээг нутгийн иргэн Владимир Полозов тэжээх болсон байна. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Роман Романич их дөлгөөн, хүнээс айдаггүй. Өвлийг эсэн мэнд давсан ч түүнийг хооллоход өдөрт 3000-аас багагүй рубль зарцуулдаг тул цаашид тэжээхэд хэцүү байна” гэжээ.
Екатеринбург хотноо Роман Романичаас өөр тэмээ үгүй тул ирэх зун Владимир монгол тэмээг хотын төвд аваачин хүмүүсийн нүд хужирлаж, хүүхдүүдэд унуулан орлого олохоор төлөвлөж байгаа гэнэ.