
Тайваньд Америкийн цэргийн зааварлагчид ажиллаж байгаа гэж Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь CNN телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Хятадын дарамт шахалт үзүүлэх нь ихэссэнийг ч тэрбээр хэлсэн байна.
Үүний өмнө “Wall street journal” сонин Америкийн албаны хүмүүсээс эш татан мэдээлснээс үзвэл АНУ-ын цөөн тооны цэрэг нэг жил орчим Тайванийн хуурай замын цэргийг сургаж буй аж. Тус арал дээр Америкийн хэдэн цэрэг байгаа талаар асуухад Тайванийн тэргүүн “Батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх чиглэлээр бид АНУ-тай өргөн хүрээнд хамтран ажилладаг. Хүмүүсийн бодож байгаа шиг тийм олон цэрэг байхгүй” гэж хариулжээ. Хятадтай сөргөлдөхөд хүрвэл Тайванийн захиргаа АНУ-аас дэмжлэг авна гэж найдаж байгаагаа ч тэрбээр илэрхийлсэн байна.
1979 онд АНУ Тайваниас дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай тийм харилцаа тогтоосон. Мөн Вашингтон “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөг ч Тайваньд зэвсгийн тусламж үзүүлдэг. Энэ Бээжингийн эсэргүүцэлтэй тулгардаг юм. Тайванийн орчимд Хятадын явуулж буй ажиллагаанд их түгшиж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен урьд нь илэрхийлээд, бие даасан удирдлагатай арлын эсрэг цэрэг, дипломат, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхээ зогсоохыг Бээжинд уриалсан билээ. Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы армийн үлдэгдэл Тайвань руу зугтан гарсан 1949 оноос хойш тус арлыг бие даасан засаг захиргаа удирдаж буй. Тэр цагаас БНХАУ-ын төв Засгийн газар болон арал хоорондын албан ёсны харилцаа тасарсан. Харин Тайвань, эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны эцсээр сэргэжээ. 1990-ээд оны эхэн үеэс талууд Тайванийн хоолойгоор дамжуулан харилцааг хөгжүүлэх Бээжингийн нийгэмлэг, Тайбэйн солилцооны сан зэрэг төрийн бус байгууллагаар дамжуулан холбоо тогтоож эхэлсэн байна. Дэлхийн олон улс дэмждэг БНХАУ-ын албан ёсны байр суурьт зааснаар Тайвань нь тус улсын нэг муж юм.