Өөр өнцөг булан
Эхнэр маань энэ бүгдийг санаатай зохион байгуулсан аж. Харин тэр чимээгүйхэн яваад өгчихөж. Зүрх өвдөж байна. Би хүнд түвэг удаж явах заяатай төрсөн бололтой. Оюутан болсон намраа танхайн хэрэгт холбогдож золтой шоронд орчихоогүй билээ. Уг нь байрны найз нар маань нэг болдоггүй нөхрийг хашраах санаатай надаар гэрээс нь дуудуулсан юм.
Тэр тэднээс айсангүй, шууд үгийг нь сөрж, улмаар зодолдлоо. Зодолдож байгаад хажуугаар өнгөрч явсан өвөөг санамсаргүй түлхээд унагачихав. Бид өвөөг түшиж босгохын оронд юу ч болоогүй юм шиг хэрүүл зодооноо үргэлжлүүлж байтал нэг мэдэхэд цагдаа ирж, бүгдийг нь барьж авлаа.
Сураг сонсвол нөгөө өвөөгийн түнх нь мултарч гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Миний гэрээс нь дуудаж гаргасан нөгөө залуугийн хавирга хугарчээ. Өвгөн яггүй заргач нэгэн аж. Бид бүгд хуулийн хариуцлага хүлээж шийтгүүлэх дээрээ туллаа. Энэ үед ээж минь одоогийн миний эхнэрийн аавыг өмгөөлөгчөөр авч өглөө. Ер нь зодоонд холбогдсон хүмүүсийн төрөл төрөгсөд бүгд л гутлынхаа улыг барагдтал гүйсэн дээ.
Тэгсний ачаар бид хэргээс мултарч, тус тусын амьдралын зам мөрөө хөөж билээ. Ашгүй нөгөө зодуулсан залуу, газар унаж түнхээ мулталсан өвөө хоёр ч бие нь гайгүй болов. Тэгэхэд би хүн хэрэгт ороход ямар ойрхон байдгийг ойлгосон. Үнэнийг хэлэхэд их ч айсан. Энэ явдлаасхойш жилийн дараа манайх зуслан гарлаа. Тэнд санамсаргүй нөгөө өмгөөлөгчийнхтэй хөрш болсон юм. Ээж өмгөөлөгчийнхөнтэй дорхноо танилцаж, дотно нөхөрлөлөө.
Аргагүй шүү дээ. Хүүд нь тус болсон хүнд сайн хандалгүй яахав. Харин би өмгөөлөгчийн охиныг эргүүлэх болов. Надаас гурван насаар эгч тэр бүсгүй нүдэнд дулаахан, ухаалаг хүн шиг санагддаг байв. Анхандаа бүсгүй намайг тоодоггүй байж билээ. Нэг удаа түүнийг хотынхоо байранд юм хүргэхээр явахад тэрнийг нь зөөж тусаллаа. Хүнгүй байранд хоёулхнаа байх тэр боломжийг би алдсангүй. Бүсгүйг шууд тэвэрч аван үнсэж, улмаар хувцсыг нь тайчин довтлоход тэр намайг эсэргүүцсэнгүй. Би цааш нь биеэ барьж дийлсэнгүй.
Тэр надаас эгчмэд боловч янагийн явдлын амтанд ороогүй нэгэн байсан аж. Харин би байрныхаа найзуудын ачаар аль хэдийнэ эр хүн болсон байлаа. Түүнийг эзэмдсэндээ би маш жаргалтай байж билээ. Тэгэхэд насан турш хайрлаж явна гэж түүнд хэлж байсан. Гурван сарын дараа бид гэрлэв. Тэр үеэс хойш бараг арваад жил өнгөрч, бид гурван хүүхдийн аав, ээж болчихоод байна.
Хоёр жилийн өмнө манай компанид шинэ мэргэжилтэн ажилд оров. Залуухан, гялалзсан сэргэлэн цовоо тэр бүсгүй ажилд орсон анхны өдрөөсөө миний анхаарлыг татсан юм. Аажмаар бид хоёр сайхан харилцаатай болов.
Түүний найз залуу нь байрны мөнгө олохоор гадаадад ажиллаж байгаа гэнэ. Бүсгүй өдөр болгон шахуу түүнтэйгээ утсаар ярих нь надад яршигтай санагддаг байлаа. Нэг удаа бүсгүй надаас “Энэ компанийн эзэн танай хадам ах юм уу” гэж асуухад миний уур их хүрч билээ.
Энэ асуулт миний эмзэг газрыг хөндсөн юм. Учир нь нэг л мэдэхэд би эхнэрээсээ хараат болчихсон байв. Анх түүний аавын ачаар хэргээс цэвэрхэн мултарсан. Дараа нь бизнесхийгээд бүтэлгүйтсэн ахыгаа түүний ээжийн мөнгөө өрнөөс гаргаж өгсөн. Сүүлд нь хадам ахынхаа буянаар гайгүй шиг цалинтай ажил хийдэг болсон. Гэнэт миний уур буцлав. Хэнд, юунд уурлаад байгаагаа сайн ойлгосонгүй.
Бухимдлаа тайлахын тулд нөгөө бүсгүйг өдлөө. Бямбад түүнтэй цуг нэг амралтын газар явав. Үнэхээр авъяаслаг хүн юм аа. Тэр сагсан бөмбөг тоглож, бас оройжингоо бүжиглэлээ. Залуус түүнийг тойрон эргэлдэх аж. Би түүнийг ажиглан зогсож байхдаа эхнэртэй хүүхэдтэй гэдгээ мартаж, яагаад ч юм оюутан ахуй цагтаа эргэж очсон шиг санагдаж байлаа. Хүнтэй гэрлэснээсээ хойш өөр хүүхэнтэй зугаалах нь битгий хэл хэн нэгэн рүү харц чулуудаж байсангүй. Бас амжилтын оргил өөд тэмүүлж явсангүй. Амьдралын жирийн урсгалаар урсаж явлаа.
Энэ хүүхэнтэй тааралдсанаас хойш тэр урсгал нэгэн хэвийн, уйтгартай, утга учиргүй мэт бодогдох болсныг ухаарах юм. Орой амрах цаг болоход түүнээс тусдаа өрөө авснаа санав. Яах гэж? Тэр надтай хоёулхнаа амралтанд явахыг зөвшөөрсөн. Эхнэртэй эр хүн залуу бүсгүйг зүгээр нэг урихгүй гэдгийг тэр мэдэж байгаа шүү дээ. Би түүний хаалгыг тогшлоо. Бүсгүй “Өөрийг чинь ирэхгүй л юм байх гэж бодлоо шүү” гээд инээмсэглэв. Нэг мэдэхэд үүр цайжээ. Бүсгүй надад анхны харцаар дурласан гэнэ.
Би болохоор сайн ойлгохгүй өвөө шиг л түүнд хашин хойрго хандаж байж. Энэ алдаагаа засаж, өөрийгөө халуухан янаг эр гэдгээ харуулах гэж байгаа юм шиг бүсгүйтэй байнга уулздаг боллоо. Эхнэрээ урьд өмнө мэхэлж яваагүй болохоор эхний долоо хоног худал хэлэх гэж их зовдог байж билээ. Одоо бүр дасаж орхиж. Тэгтэл хэд хоногийн өмнө хэрэг мандлаа.
Нэг өглөө иртэл амраг бүсгүйг минь компанийн мөнгө завшсан хэргээр ажлаас халах тушаал гаргачихаж. Тэр эдийн засагчаар ажилладаг байсан юм. Ганц би ч биш манайхан бүгд гайхан шивэр авир хийж байв. Бас түүнийг ажлаас нь халаад зогссонгүй шүүхэд өгөх шахсан гэнэ.
Орой нь би тэднийд очлоо. Гайхалтай нь бүсгүй намайг инээж угтлаа. “Чи яаж инээж чадаж байна аа” гэхэд “Би ямар нэгэн таагүй явдал болно гэдгийг мэдэж байсан. Чи чинь эхнэртэй хүн шүү дээ” гэснээ “Энэ тухай одоо яриад яахав. Ганц оройг ч болов хоёулаа гайхалтай өнгөрөөнө өө” хэмээв.
Тэр “Хундага дарсны амтыг мартъя, Хуурамч амьдралыг адыг мартъя” гэж амандаа аялснаа намайг тэвэрлээ. Бид урьдынхаасаа ч илүү бие биенээ хайрлаж, салж хагацахыг мэдэхгүй шунан тэмүүлж билээ. Би мандах нарны туяатай уралдан гэртээ харив.
Эхнэр маань намайг тайван дөлгөөн инээмсэглэн угтлаа. Түүний энэ тогтуун байдлыг хараад үе үе гэмших сэтгэл төрдөг юм. Бушуухан усанд орчихоод, түүний бэлтгэж өгсөн хоол цайг идэж уугаад ажилдаа явлаа. Ажлын газрын үүдэнд багын найз минь хүлээж байв. Түүнийг манай эхнэр дуудаж уулзжээ. Яриаг нь сонсоод би чихэндээ итгэсэнгүй. Урьд шөнө уусан архи нь гараагүй юм болов уу гэж бодоо найзынхаа амыг үнэрлэж үзлээ. Зүв зүгээр байна. Түүний яриагаар бол эхнэр маань биднийг амралтанд очсон эхний өдрөөс л араас мөшгиж байсан юмсанж. Тэгээд багын найзад маань нөгөө хүүхнийг хэрхэн хашрааснаа яриад “Тэр намайг хуурсан. Би хариуд нь юу ч мэдээгүй хүний дүр эсгэж муур хулгана болж тоглолоо” гэж манай эхнэр хэлсэн гэнэ.
Намайг мэдэг гэж зориуд түүнд хэлсэн бололтой. Бүр тавлаж байх шив. Ямар дотуур тамиртай хүн бэ. Үүний оронд харааж загнасан бол дээр байх байсан юм. Би уурандаа золтой л багтарч үхсэнгүй. Гэртээ очиж салах өргөдлөө бичиж ширээн дээр тавьчихаад хувцсаа цүнхлээд гарч явлаа. Эхнэр ажилдаа, хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа явсныг ч мартаж орхиж. Хайртай бүсгүйндээ очтол тэр алга.
Түүнийг нүүсэн гэдгийг байрных нь жижүүрээс сонслоо. Шөнө болтол гадаа суулаа. Тэр ирсэнгүй. Гэртээ харимааргүй санагдсан тул зочид буудалд хонов. Би амьдралынхаа сөрөг ёсгүй урсгалыг сөрсөн тул миний өмнөөс хэнд ч гэмгүй тэр бүсгүй шийтгүүлжээ. Ингэж бодохоор дотор харанхуйлаад давчдаж байлаа.