Их Британийн “News of the world” тэргүүтэй хэд хэдэн сонин нэр алдартай хүмүүсийн гар болон гэрийн утсыг чагнаж, цахим шууданг нь хууль бусаар уншиж байсан гэх дуулиан намжаагүй байна. Пол Маккартнийн хуучин эхнэр Хизер Миллс “Mirror Group” хэвлэлийн газрынхан миний утсыг чагнаж, хувийн нууцад халдсан хэмээн гомдол гаргажээ.
Хизер Миллсийн хэлснээр “The Daily Mirror”- ын сэтгүүлч түүн рүү утасдаж, хэн нэгэнтэй ярьсан зүйлээс нь иш татан ярьсан байна. Харин түүнийг “Цагдаад хандаж, гомдол гаргана” гэхэд сэтгүүлч утсыг нь чагнаснаа хүлээн зөвшөөрөөд авсан мэдээллээ сонинд нийтлэхгүй гэж амласан гэнэ.
Харин “Mirror Group”-ийн охин компани “Trinity Mirror” үүнийг няцаагаад, тус сонины бүх ажилтан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэдэг гэжээ.