ӨӨР ӨНЦӨГ БУЛАН
Би амьдралдаа Версаче, Пьер Карден, Жоржио Армани гэх мэтийн алдартай хүмүүсийн гаргасан загвараар хийсэн бүтээгдэхүүний зургийг сонин сэтгүүлийн хуудаснаас л хардаг байлаа. Харин одоо орчуулагч ахынхаа буянгаар анх удаа брэндийн хослол өмсөх болов.
Ер нь ахын буянг мэдээ орох цагаасаа л хүртсэн дээ. Манайх зургаан хүүхэдтэй айл . Ээж минь, ах эгч нарын багадсан хувцасыг бидэнд өмсүүлдэг байсан юм. Мэдээж ахын хувцас надад оногддог байв. Ах эгчийн хувцас бол сайхан энерги агуулж байдаг гэсэн яриа сонсож байсан. Бас гэрийн энерги хүмүүсийг муу орчноос хамгаалж байдаг болохоор агаа, аниа нарын багадсан хувцас дүү нарт нь ээлтэй байдаг ч гэх нь бий. Гэхдээ нас биед хүрсэн хүмүүс бусдын хуучин хувцасыг байнга өмсөх сонирхолтой байхгүй нь лав. Тийм болохоор ахыгаа шинэ хослол бэлэглэхэд ямар их баярласан гээч.
Өнөө өглөө ажилдаа явж байтал хаанаас ч юм бэ гарч ирсэн золбин нохой над руу дайрч, хөлийн шууг минь хазчихлаа. Нохойнд хазуулснаасаа болоод эмнэлэгт очиж тариа хийлгэн бүтэн өдрийн ажил алдав. Нөгөө брэндийн хослолын өмд урагдаж, би золбин нохойг дотроо зөндөө хараалаа. Одоо яая гэхэв. Орой гэртээ иртэл ээж манай отгон дүүг загнаж, золтой зодчихсонгүй.
Тэр хүний хуучин зузаан цамц өмсчихсөн ирсэн юмсанж. Намайг, “Та юундаа уурлаад байгаа юм бэ, Хүйтэн бороо гэнэт асгарсан болохоор хамаг хувцасаа норгож, сандарсандаа хүний цамц өмссөн биз” гэвэл ээж, “Та нарт хар багаас чинь хуучин хувцсанд хүний сайн муу явдал шингэсэн байдаг.
Бусдын хувцас битгий өмсөж бай” гэж хэлсэн биздээ. Чи ч гэсэндээ үнэтэй хувцас хамаагүй өмсөж яваад нохойнд уруулчих юм Тэрнийгээ хэрэгтэй газар нь өмссөн бол аятай юу Хувцасыг хэзээ хаана өмсөхөө мэддэг байх ёстой” хэмээв. Ээжийн үглэхийг сонсоод гэнэт түүнийг цаашлуулмаар санагдаж, “За, за эгч шиг л нэг хувцасаа байнга өмсөж явья. Би заримдаа эгчийн өмнөөс ичдэг юм. Гайгүй цалинтай ажил хийдэг мөртлөө бараг шинэ хувцас авахгүй юм. Тэгээд бас хуучин хувцасаа хэдэн өдөр дараалж өмсөхийг нь яана Яаж олны дунд явж чадаж байнаа ” гэлээ. Ээж, “Цаадах чинь шүтлэгтэй. Дассан хувцасаа өмсөхгүй бол өвдөнө гэж боддог юм.
Яахав угааж арчаад цэвэрхэн явбал болох нь тэр. Тэгээд ч манайхан дундаас эгч шиг чинь эрүүл хүн хаана байна” гэж өмөөрөв. Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа дүү маань машины осолд орж азаар хөнгөн бэртээд өнгөрөв. Нэг орой харьтал, манай дүү согтуу ирчихсэн жинхэнэ жүжиг тоглож байна.
Агсам тавиад, тэр ч байтугай эгчийг нөхөрт гардаггүй гэрийн буг хэмээн хэлж уйлуулж орхижээ. Согтуу дүүгээ номхотгон арайхийн унтуулав. Дараа нь эгчийгээ тайвшруулж аргадах гэж бөөн юм болов. Харин урьд өмнө архи ууж, агсам согтуу тавьдаггүй байсан дүүгийн минь зан ингэж өөрчлөгдөөд байгааг жаахан гайхлаа. Ээж юу гэж зүгээр суухав. Шууд л ламтай уулзахаар явлаа. Ээж минь сүүлийн үед сүм хийдээр орж лам хувраг, мэргэч төлөгчтэй уулзах нь ихсэж, бидний төлөө ном хуруулж, бас биоэнерги, зургаа дахь мэдрэхүй, итгэхэд хэцүү зарим явдлын талаар элдэв ном уншиж суудаг болов.
Амралтын нэг өдөр ээж долоон буудалд байдаг нагацын руу намайг дагуулж явлаа. Нагацтай урьдаас тохиролцсон бололтой, хашаанд задгай газар зуух тавьж гал түллээ. Тэгээд асч байгаа галд миний нөгөө брэндийн өмд, дүүгийн эзэнд нь эргүүлж өгч амжаагүй байгаа цамц хоёрыг хийгээд гаргаж ирэв. Би гайхсандаа дуу алдав. Ээжийн ярьж байгаагаар бол хувцсанд шингэсэн муу энергийг зөвхөн гал л ариутгаж чаддаг гэнэ.Би түүнийг ойлгосонгүй. Дүүгийн авчирсан цамцыг галд шатааж болно.
Гэхдээ тэр чинь хүний хувцас. Бас миний өмд чинь шинэ брэнд. Ах гаднын дэлгүүрээс хамаг мөнгөө үрэн байж худалдаж авсан эд. Засч янзлаад өмсөж болно шүү дээ. Би ээжид юу ч хэлсэнгүй. Хэлээд ч нэмэргүй, тэр өөрийнхөөрөө зүтгэнэ гэдгийг мэдэж байв.
Ээж, “Мэдээлэл дамжуулдаггүй хувцас гэж огт байхгүй. Шинэ хувцас хийсэн эзнийхээ, хуучин хувцас өмсөж байгаа хүнийхээ энергийг шингээсэн байдаг. Чиний хослолыг хийсэн хүн энэ хувцасыг ууртай үедээ оёсон байх. Тэгээд нохой ирж урсан биз. Харин дүүгийн чинь найзын цамцанд цус шингэсэн байж магадгүй. Уур, хэрүүл, муу явдлын таагүй энерги хувцаснаас салахдаа удаан байдаг гэж үзмэрч” хэлсэн гэв. Надад хэлэх үг ч олдсонгүй.
Хачирхалтай нь, хэд хоногийн дараа манайд эрэн сурвалжлах газраас хоёр мөрдөгч ирж ээжтэй уулзан нөгөө цамцны эзний талаар асуужээ. Ээж дүүгийн танилын талаар мэддэг бүхнээ хэлсэнээс гадна дутуу шатсан нөгөө цамцыг тэдэнд өгөв. Цамцны эзэн залуу согтуудаа хүн зодож, толгойг нь санамсаргүй хага цохичихсон юмсанж. Зодуулсан хүн нь саяхан нас барсан гэнэ. Азгүй амьтан манай дүүд өгсөн цамцаа согтуудаа өмсөж явжээ.