Хамгийн жолоодлогогүй, ойлгоход бэрх, оюун ухаан гээчийн ямагт дээр орших хэрнээ хачин нууцлаг, харагдаж баригдашгүй сэтгэл гэдэг эрхтэн хүнд бий гэдгийг чухам аялгуу эгшгийн тусламжтайгаар л мэдэрч болно. Болох талтай гэе.
Хүн өөрөө мөнх биш ч бүтээж, үлдээсэн нь үүрд оршдог энэ орчлонд хэзээ ч мартмааргүй, мартахыг хүсдэггүй зүйл байх юм. Хөгжил гэх үгээр залуур хийж, үргэлж урд байх үл мэдэгдэх ирээдүй рүү тэмүүлдэг хэрнээ өнгөрсөн рүүгээ буцаад л харуулдах, санаа алдах, зуурч хоцормоор тийм нандин дурсамжийг чухам юу сэдрээдэг юм бэ? Аялгуу. Мартагдашгүй аялгуу.

ПЭГГИ ЛИ
“Америкийн жааз” гэх содон урсгалын амьд дуу хоолой болох үүргийг тэр 62 жил хүлээжээ. Пэгги Ли 1942 онд “Somebody else is taking my place” дуугаараа нэрд гарч, уг уран бүтээл нь сая хувь борлож байв. 1942 оны нэг сая гэдэг том тоо юм шүү.
Тэр удалгүй Америкийн алдарт хөгжимчин Дэйв Барбуртай гэрлэж, “Fever”, “Why don’t you do right”, “Manana”, “Black coffee” гэх мөнх настай дуу туурвиж эхлэв. Жааз хөгжмийн ертөнцөд хатагтай Пэгги Лигийн нэр мөнхөд үлдсэн бөгөөд тэрбээр “Грэмми”-ийн шагналд 12 удаа нэр дэвшиж, 1995 онд Алдрын шагнал хүртсэн. Түүний 1956 онд гаргасан “Black coffee” пянз өдгөө ч эрэлттэй байдаг. Учир нь тэр өнө мөнхийн аялгуу бүтээжээ.
МИННИ РИПЕРТОН
“Loving you”. Санаж байна уу, өнгөт арьст, залуухан, ялдамхан эмэгтэй сэтгэл хөдлөм хөнгөн хэмнэлээр дуулдаг даа. 1975 онд бүтээсэн эл дуу Минни Рипертоныг дурсах шалтгаан болдог ч гэлээ мөнх настай аялгуу түүнд олон бий. 1970-аад оны R&B уран бүтээлч Миннигийн “Perfect angel” пянз бүх цаг үеийн шилдгүүдийн тоонд багтдаг бөгөөд “Memory lane” дуугаараа нэр хүндээ бататгаж, алтан пянзны эзэн болж байв.
Түүний дууг сонссон хүн бүр “Яаж энэ бүсгүйгээс ийм хоолой гардаг юм бэ?” гэх асуултыг л олонтаа тавьдаг тухай хөгжим шүүмжлэгчид дурссан байдаг. Тэрбээр 1979 онд “Minnie” цомгоос хойш шинэ уран бүтээл гаргаагүй ч Минни Рипертоны автортой таван пянз өдгөө ч эгшиглэсээр байна.
ДИН МАРТИН
Түүний “Mambo Italiano” дуу дэлхийг, тэр дундаа монголчуудыг байлдан дагуулж байсныг санаж байна. 1950-иад оны секс бэлгэ тэмдэг болж байсан энэ эрхэм хайрын, товчхондоо сээтэгнэлийн эгшиг хүүрнэдэг байв. “Baby it’s cold outside”, “Sway”. Үеийн үед өөр өөр эгшиг, хоолойгоор дуулагддаг ч гэлээ жинхэнэ эхээ хэзээ ч гүйцэж байсан удаагүй. Бас “Let it snow”-ийг мартаж болохгүй.
Америкийн дуучин, жүжигчин Дин Мартинийг “өвлийн хаан” хэмээн хочилдог нь дээрх дуутай холбоотой. Адал явдалт кино шиг түүний амьдралд мафийн гишүүн гэх тодотгол хүртэл байдаг ч гэлээ эгшиг аялгуу дахь Дин Мартины амьдрал яруу сайхнаар дүүрэн байлаа.
БЕННИ ГҮДМЭН
Хэмнэлийн хаан Бенни Гүдмэн. Свинг урсгалын гол төлөөлөгч энэ эрхэм 1930-аад оны хамгийн алдартай хамтлагийг ахалж, өөрийн нэрээр нэрлэжээ. Түүнийг “Sing sing sing” дуугаар нь хүмүүс илүү мэднэ. Бенни Гүдмэний 1938 онд Нью-Йоркт хийсэн тоглолтыг тухайн үеийн хамгийн зартай, аюултай, хөгжим шүүмжлэгч Брюс Эдэр “Бүх цаг үеийн хамгийн үзүүштэй, хамгийн шилдэг жааз дууны тоглолт.
Тэр дэлхийн хөгжмийн урлагийн хамгийн онцгой хүн гэдгээ баталлаа” хэмээн зарлаж байлаа. Энэ үед Бенни ердөө 29 настай байв. Түүний дуунууд тухайн үедээ, ер өдгөө ч хамгийн этгээд сонин хэлбэрийн жааз байсан бөгөөд свинг стильтэй хольсон нь сонирхолтой шийдэл болсон юм. Зөвхөн Гүдмэн болон хамтлагаас нь үүдэж XX зууны эхэн үеийг свинг жанрын эрин хэмээцгээж байлаа.
ВЛАДИМИР САМОЙЛОВИЧ ГОРОВИЦ
Тэрбээр хөгжмийн урлагийн хувьд ЗХУ (хуучнаар), АНУ-г холбох гүүр байсан гэдэг. Өнгөрсөн зууны хамгийн алдартай төгөлдөр хуурч, ая зохиогч энэ эрхмийн хүүрнэсэн аялгуу “саарал зууны” гэгээ нь байсан хэмээдэг. Бүхий л шилдгүүд нь эрт үед алдар суугаа бүтээчихсэн төгөлдөр хуурын ертөнцөд сүүлийн гурван зууны турш ганцхан эрхэм домог болж нэмэгдсэн нь тэр байжээ.
Тэр хөгжмийн гараагаа Москвад биш Берлинээс эхэлж, Парис, Лондоноор улбаалж, эцэст нь Нью-Йоркт алдраа цуурайтуулсан. Горовиц “Грэмми”-ийн Алдрын шагнал хүртсэн цорын ганц украин хүн. Шопений аязуудыг гайхалтай мэдэрч тоглодог байсан энэ эрхэм өөрөө ч Горовицийн гэх тодотголтой нэлээдгүй шилдэг аяз бүтээсэн.
НЭТ КИН КОУЛ
Натаниэль Адамс Коул буюу хөгжмийн ертөнцөд “Хаан” Коул нэрээр үлдсэн энэ эрхэм хамгийн анхны өнгөт арьст жааз төгөлдөр хуурч байлаа. Тэрбээр жааз гурвал хамтлаг бүрдүүлж, Лонг Бичд долоо хоногт 90 ам.доллараар тоглодог байжээ. 1937 онд бүжигчин Надине Робинсонтой гэрлэж, Лос-Анжелес руу нүүснээр өөрийн карьераа эхлүүлсэн.
Түүний 1951 онд дуулсан “Unforgettable” дуу нь үнэхээр мартагдашгүй уран бүтээл болж, удалгүй “Nature boy”, “When I fall in love”, “Smile”, “Mona Lisa” зэрэг хитүүдээ гаргасан. Гэвч эдгээр уран бүтээл түүний амьд ахуй цагт алдаршиж байсангүй. Нэт Кин Коулын “L.O.V.E” дуу бүх цаг үеийн хамгийн шилдэг хайрын дуугаар шалгарч байв.
ТОНИ БРЭКСТОН
Өнгөрсөн зууны сүүлчээр алдрын титэм зүүж байсан энэ эмэгтэйн уран бүтээл өдгөө зогсонги байдалд орсон ч гэлээ “Unbreak my heart” дууг хөгжмийн хорхойтнууд хэзээ ч мартахгүй. R&B урсгалын чухал төлөөлөл Тони өдгөө элдвийн шоунд оролцохоос хэтрэхгүй байгаад шүтэн бишрэгчид нь гомдоллодог ч дээрхээс давахаар дуу хийхээс нааш эргэн тайзнаа гарахгүй гэсэн шийдвэрээр нь гол зогоож байна.
“Грэмми”-ийн зургаан удаагийн шагналт Тони Брэкстон дэлхий даяар 60 сая цомог борлуулсан нь түүхэн амжилт юм. “You’re making me high”, “Yesterday” зэрэг дуугаараа танил болсон тэрбээр 2003 онд “Libra” цомгоо гаргаад хөгжмийн ертөнцөд завсарлага аваад буй юм. Гэхдээ түүнийг мартахгүй, хүлээнэ.

ДОЛЛИ ПАРТОН
Кантри хөгжмийн загалмайлсан эх гэгддэг Долли Партоныг мартахын аргагүй. Түүний 25 дуу “Биллбоард”-ын шилдгээр шалгарч байсан нь эмэгтэй уран бүтээлчийн хувьд түүхэн амжилт юм. Шаргалт үст Долли өнгөрсөн зууны сүүлийн хагасыг байлдан дагуулсан бөгөөд өдгөө жүжигчний карьераа үргэлжлүүлж байна. “Joleno” мартагдашгүй “Joleno” дууг тэр дэлхийн хөгжим сонирхогчдод бэлэглэсэн учраас түүнээс өөр юу нэхэх билээ дээ.
Гэхдээ тэр бидэнд өгсөөр л байгаа. 2006 онд “Travelin’ trough” дуугаараа “Оскар”-ын киноны шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн. Эцэж цуцашгүй хөдөлмөрч Долли Партон бидэнтэй өнөөдөр биш юм аа гэхэд маргааш шинэ дуутай уулзаж мэднэ. Түүний 50 жилийн хөдөлмөрийг дэлхийн хөгжим сонирхогчид мартахгүй биз ээ.
Т.Жигүүр