Зохиолын дууны ханхүү гэж цолыг ард түмнээсээ авч, Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг төр засгаасаа хүртсэн С.Жавхлан уран бүтээлээсээ хөндийрч, улс төрөөр хөөцөлдөх болсоор удлаа.
Тэрбээр “Гал үндэстэн” холбоонд элсэж, хэл ам татлах болсонд нутгийн ах, Хууль зүйн сайд Ц.Нямдорж ихэд дургүйцэн хатуухан жавтий хүртээсэн гэх яриа байдаг. “Торгоны зам” компанийн захирлын охин Долгормааг охинтой нь үлдээсэн тэрбээр “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгийг эхнэрээ болгож сонгосон.
Түүний галыг сахисан шинэхэн эхнэр нь амьдралаа бодоод хамтлагаасаа бүрмөсөн гарч, ажлаа ч хүлээлгэн өгчээ. Залуу хос энэ жил дахин шинэ хүн өлгийдөж авах гэнэ.
Урлагаа орхихгүй, улам ихийг хийнэ хэмээн тухайн үед амлаж байсан дуучин бүсгүй түүний цайг чанах болсноосоо хойш халамжит ханийн үүргийг гүйцэтгэж нам гүм суух болсон.
Гавьяат “Ааш зан нь эвдрээгүй, хөдөө төрж өссөн, хоол цай, үйл үртсэнд сайн бүсгүйг ханиа болгоно” хэмээн гэрлэхээсээ өмнө олонд дуулгаж байсан удаатай.
Гэргий нь европ хувцсанд “харшил” болсон нөхрийнхөө дээл, цамцнаас өгсүүлээд найз нөхдөд нь хүртэл оёж өгдөг сурагтай. Үйл урлаад завгүй суух болсон гэргийгээ С.Жавхлан төрхөмд нь буцаасан гэх мэдээ саяхнаас чих дэлсэх боллоо.
Түүний хардах өвчин хэрээс хэтэрч эхнэр нь тэвчилгүй аав ээжээ бараадсан гэнэ. Анхны эхнэртэйгээ амьдарч байхдаа хардаж, гэртээ хүртэл цоожлоод явж байсан удаатайг нь Долгормаа ам алдсан байдаг.
Харин С.Жавхлан түүнээс салсан шалтгаанаа хэтэрхий мөнгөнд үрэлгэн, шунахай хэмээн тайлбарласан. Залуухан эхнэрээ төрхөмд нь буцаасан гавьяат Долгормаатайгаа байн байн уулздаг болсон сурагтай.