МҮОНТ, “Болор луу” продакшн хамтран “Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг хийхээр болжээ. Энэ талаар тус продакшны продюсер Ө.Үлэмжтөг сөөс тодрууллаа.
-Яагаад энэ уралдаант нэвтрүүлгийг зохион байгуулах болсон бэ?
-Манай продакшн “Шинэ мянганыхан” утга зохиолын төслийн эхний ажил болгож 45 яруу найрагчийн бүтээлийг багтаасан “Нэн шинэ үеийн яруу найраг” антолог хэвлүүлсэн. Төслийн хоёрдугаар шатны ажил нь энэ нэвтрүүлэг юм. Залуу яруу найрагчдыг дэмжих, төрөл бүрийн урсгал, чиглэлийг түгээх зорилготой.
-“Ийгл” телевизээс хоёр жилийн өмнө зохион байгуулсан “Өврийн дэвтэр” реалити шоунаас юугаараа ялгаатай вэ?
-Энэ сарын 15-нд эхлэх эхний шатны шалгаруулалтад хүссэн хүн бүр оролцох боломжтой. Дараагийн шатанд шалгарсан 30 хүнийг шүлгийн урсгал, чиглэлээр нь таван бүлгэмд хуваана. “Өврийн дэвтэр”-т оролцогчид тайзнаа гарч, шүүгчдийн өмнө шүлгээ уншдаг байсан. Тэгвэл “Шинэ цаг”-ийн 30 оролцогч шүлгээ клип хэлбэрээр хүргэнэ. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ клип үнэгүй хийлгэчихнэ гэсэн үг.
-Уралдааны шагнал юу байх вэ?
-Нэгдүгээр байрт орсон бүлгэмийн антологийг гаргана. -Нэвтрүүлэг хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ? -Бүртгэлээ энэ долоо хоногт дуусгаж, энэ сарын 15-наас ирэх сарын 10 хүртэл нэвтрүүлгийн зургийг авна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд утга зохиол шүүмжлэгч П.Батхуяг, яруу найрагч Б.Галсансүх, Б.Баярсайхан нар багтсан. Нэвтрүүлэг ирэх сарын 19-нөөс 14 хоногийн турш орой бүр МҮОНТ-ээр гарна.
-“Шинэ мянганыхан” төслийн хүрээнд цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Нэвтрүүлгийн дараа утга зохиолын бүлгэм, дугуйлан байгуулна.
Б.Эгшиг