Тэрэгний голд хамгаалалт болгон хийдэг бэхэлгээг цөн хэмээн нэрлэдэг. Модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих хийх нь холхивч, үрэлтийг багасгаж тэрэгний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай аж. Монголчууд эртнээс төрөл бүрийн хөсөг тэрэг хэрэглэсээр ирсэн. Тиймээс тэргэндээ ашиглаж байсан эртний цул төмөр хэрэгслүүд манай нутгаас олдох нь элбэг.
Энэ бол Монгол орноос олдсон хамгийн том цул цөн юм. 35 см диаметр, 20 кг жинтэй XIII-XIV зууны үед хамаарах эл олдворыг 1949 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Хархорум хотын тууриас олжээ. Археологичдын судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт олдсоноор Монголд төмөрлөг боловсруулалт эрт цагт сайн хөгжсөн байсныг нотолсон юм.