Төв Ази, Хятад, Монгол, алс Дорнодын орнуудаар аялсан түүх нь Марко Полог дэлхийд таниулж, агуу нээлт хийсэн эрдэмтэн мэргэдийн төвшинд аваачсан гэдэг. Гэтэл олон улсын нэр хүндтэй Италийн археологичид, эрдэмтэд түүнийг хэзээ ч эдгээр нутгаар аялж байгаагүй хэмээн мэдээлжээ. Ник Сквайресээр ахлуулсан багийнхан энэ тухай “Телеграф” сонинд нийтлүүлснээс үзвэл Марко Поло Хар тэнгисийн эргээр аялж явахдаа таарсан перс худалдаачдаас сонссон сонирхолтой түүх болон ярианаас эртний Хятад, Япон, Монголын хаадын тухай мэдэх болсон. Үүн дээр өөрийн төсөөллийг нэмж, Төв Азийн нутгаар аялсан “түүхээ” бичсэн хэмээжээ.
Тэдний баталж буйгаар алдарт аялагч сонссон түүхээ өөр мэдээллүүдээр баяжуулан “Орчлонгийн элдэв сонин” нэртэй анхны номоо гаргасан аж. Тэрбээр Монголын хаан Хубилай 1274, 1281 онд Японыг эзлэхээр хоёр удаа дайрсан хэмээгээд хоёр өөр он цагт болсон үйл явдлуудыг хооронд нь хольж хутган, өөрийн зохиосон нэг, хоёрдугаар аяллын түүхээ ялгахаа больсон гэнэ. М.Поло нэгдүгээр аяллын тухай номдоо “Бид Гуулин улсаас Японыг зорин хөдөлсөн ч далайн шуурганд өртөж, зорьсон газартаа очиж чадаагүй” гэж бичжээ.
Энэ бол 1281 оны явдал. Тэгэхээр Марко Поло тухайн газарт үнэхээр байсан юм бол хоорондоо долоон жилийн хугацаатай болсон үйл явдлыг яагаад ингэж холих болов” гэж Неаполийн их сургуулийн профессор Даниэле Петрелла ярьжээ. Даниэле Петрелла бол Японд олдсон олдворуудыг судлах, малтлага хийх багийг ахалж байсан юм байна. Тэрбээр монголчуудын хэрэглэж байсан хөлөг онгоц Марко Пологийн “үзэж” бичсэнчлэн таван шургаагтай онгоцноос тэс өөр байсан гэдгийг Японд хийсэн малтлагаар гарсан олдворууд гэрчилнэ гэжээ.
Дашрамд өгүүлэхэд, Английн түүхч Фрэнсес Вуд 1995 онд хэвлүүлсэн “Марко Поло Хятадад байсан уу” номдоо алдарт аялагч Хятадад байсан эсэх нь эргэлзээтэй хэмээсэн нь бий. Түүнчлэн Марко Поло өөрийгөө Хубилай хааны туршуул байсан хэмээн бичсэн байдаг ч Хятад, Монголын түүхчдийн эх сурвалжуудад түүний тухай ганц ч үг дурдаагүй байдаг.
Э.ХАНА