1990-ээд оны залуусын шүтээн болсон “Сүнс” хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд үүнийг
тэмдэглэн тоглолт хийхээр болжээ. Хамтлагийн ахлагч Б.Лхагваатай утсаар холбогдлоо.
-Нэлээд удаан хугацаанд сураггүй байсан “Сүнс” хамтлагийнхан тоглолт хийх тухай сонслоо?
-Энэ ондоо багтааж тоглолт хийнэ ээ. Гэхдээ энэ талаар одоогоор нууцалж байгаа. Харин энэ сарын 4 буюу ням гаригт УИД-ийн гадаа талбайд рок попын хамтлаг, дуучдыг оролцуулсан тоглолт хийнэ. Энэ үеэр манай Лхагваа, Мөөгий, Зулаа, Замилан нар ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна. Бид хамгийн сүүлд 1998 онд тоглолт хийсэн юм.
-Тоглолтод ямар хамтлаг, дуучид оролцох вэ?
-Манайхантай хамтарч ажилласаар ирсэн “Хар сарнай”, “Хар тас”, “Дижитал”, дуучин Ану, ВХ нар оролцоно. Бид хуучны уран бүтээлээс гадна шинэ дуу дуулахаар төлөвлөсөн. Нийгмийг шүүмжилсэн өнгө аястай “Охин дурсамж” нэртэй дуу манай урын санд бий. Энэ дуунд зориулсан гар зургийн уралдаан зарласан бөгөөд ялагчийг бие даасан тоглолтын үеэрээ зарлана.
Б.ЭГШИГ