БНСУ-ын Гванжү хотод өнгөрсөн сарын 26-28-нд болсон “World music festival”-д Монголоос “Алтан ураг” хамтлаг амжилттай оролцоод иржээ. Энэ тухай тодруулахаар тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай холбогдлоо.
-“Алтан ураг”-ийг солонгос үзэгчид хэрхэн хүлээн авав?
-Гванжү хот Азийн соёлын төв болох гэж байгаа юм билээ. Энэ хүрээнд зохион байгуулсан уг наадамд Монгол, Хятад, Япон, Тайланд зэрэг 20 орны уран бүтээлч оролцсон. Үзэгчдийн дотор ч олон улсаас ирсэн үндэстэн, ястнууд байсан. Нэг үеэ бодвол Монголын ардын урлагийг дэлхий дахинаа мэддэг болсон нь анзаарагдсан. Харин фольк рок урсгалыг төдийлэн мэдэхгүй байх шиг. Үзэгчдийн сэтгэл хөдлөл, алга ташилт, зохион байгуулагчдын үнэлгээнээс дүгнэхэд Гванжүгийн наадамд бид энэ урсгалыг сайн мэдрүүлсэн болов уу.
-Танай хамтлаг өөрсдийн уран бүтээлээс гадна Солонгосын ардын дуу “Ариранг”- ийг хөгжимдсөн гэж сонссон?
-Наадамд оролцсон хамтлагуудаас манайхыг сонгож “Ариранг”-ийг хөгжим дүүлсэн. Тоглолтын дараа бидний хөгжимдсөн хувилбарыг бичүүлж, удахгүй цомог гаргана гэсэн.
-Танай хамтлаг сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Гванжүгийн наадам, CNN телевизийн нэвтрүүлэг гээд энэ зун тун завгүй байлаа. Энэ намраас шинэ уран бүтээлдээ орно доо.
Б.ЭГШИГ