ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хот энэ сарын 9-нд анх удаагаа “Эртний хотын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Улаан-Үдийн 345 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр үндэсний хоолны наадам, Монголын “Тэнгэрийн хүүхдүүд” хамтлагийн тоглолт болон тахилга өргөх ёслол болох гэнэ.
Буриадууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр эртний Хүннү гүрэн үүсэн, дэлхийг эзлэх их дайнаа эхлүүлсэн гэж үздэг тул эл өдөр Улаан-Үд хотын төв талбайд Жузеппе Вердигийн “Атилла” дуурийг тоглох юм. Хүннү гүрний их хаан Аттила Ромын эзэнт улсыг мөхөөн, дэлхийн эзэн болж байгааг тус дууриар магтан дуулах аж.
“Эртний хотын өдөр”-ийг тэмдэглэснээр буриадууд Хүннүгийн аян дайны чиглэл гэсэн аялал жуулчлалын шинэ зам үүсгэж, Улаан-Үд хотыг Хүннү гүрний улс төр, соёл, засаг захиргааны төв байсан гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ач холбогдолтой гэж тус Хотын захиргаанаас мэдээлжээ.